Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Би Би Си-д ярилцлага өглөө. Энэ үеэр тэрээр Их Британийн Европын холбооноос гарах асуудлаарх гэрээг илүү урт хугацаанд хянах боломжийг парламентад олгох боломж байгааг хэллээ. Гэхдээ парламент 12-р сард бүх нийтийн сонгууль явуулахыг дэмжсэн тохиолдолд л ийм боломжийг бүрдүүлж өгнө гэдгийг онцолсон байна.
Ерөнхий сайд Борис Жонсон 12-р сарын 12-нд Их Британид бүх нийтийн сонгууль явуулах хүсэлтийг парламентад удахгүй илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ. Гэхдээ Европын холбоо Brexit-ийн эцсийн хугацааг гурван сараар сунгахыг зөвшөөрсөн тохиолдолд ийм зүйл болох боломжтой юм.
Европын холбоо Brexit-ийг 1-р сарын 31-ныг хүртэл сунгах энэ асуудлаарх шийдвэрийг өнөөдөр гаргана гэсэн хүлээлт байна. Их Британийн европын холбооноос гарах хугацаа гурван сараар хойшлогдоно гэдэгт итгэлтэй байгаа Борис Жонсон өнөөгийн парламентыг тарааж, дахин сонгууль явуулах хүсэлтээ ийнхүү гурав дахь удаагаа илэрхийлж байна.
Ерөнхий сайд Борис Жонсон бүх нийтийн сонгууль явуулах асуудал дээр санал нэгдэхийг хүссэн захидлыг сөрөг хүчний Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбинд аль хэдийн хүргүүлээд байгаа юм. Их Британийн засгийн газар болон Европын холбооны байгуулаад байгаа Brexit-ийн гэрээг нягтлан үзэхэд илүү их хугацаа хэрэгтэй гэж парламент үзэж, өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийн санал хураалтыг явуулахыг дэмжээгүй.
Ингэснээр Их Британи 10-р сарын 31-нд Европын холбоог гэрээтэйгээр орхин гарах боломжгүй байдалд орсон юм. Тэгвэл Борис Жонсон парламентын энэхүү гэрээг хянах хугацааг сунгах боломжтой гэдгийг илэрхийлсэн ч дахин сонгууль явуулахыг зөвшөөрөх болзлыг парламентад тавиад байна. Их Британийн парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд л ерөнхий сайдын бүх нийтийн сонгуулийн санал дэмжигдэнэ. Зарим улс төрийн хүчин 12-р сард сонгууль явуулахыг эсэргүүцэж байгаагаа аль хэдийн илэрхийлж эхлээд байна.
| Борис Жонсон 12-р сард бүх нийтийн сонгууль явуулахыг зорьж байна | ||
| Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.