Австрали улсад жуулчдын очих дуртай байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудын нэг бол Улуру гэх элсэрхэг чулуун уул юм. Тэгвэл орон нутгийн иргэдийн ариун газар гэж үздэг энэхүү ууланд авиралт хийхийг хориглохоор болсон. Харин энэ хориг эхлэхээс өмнө Улуруг зорих жуулчдын тоо огцом нэмэгдээд байна.

Айерс Чулуу гэх өөр нэг нэрээ алдартай өвөрмөц тогтоц бүхий энэ газарт авиралт хийхийг энэ бямба гарагаас хориглох юм. Нутгийн уугуул иргэд болох Анангучууд Улуруг ариун газар гэж хүндэтгэж ирсэн төдийгүй жуулчдын авиралтыг хориглох хүсэлтийг байнга илэрхийлдэг байж. Тэгвэл уугуул иргэдийн хүсэл биеллээ олж, энэхүү элсэрхэг чулуун ууланд цаашид авирах боломж байхгүй болох нь.

2017 онд Улуруг зорин очсон жуулчдын ердөө 16 хувь нь л авиралт хийсэн гэх судалгаа байдаг байна. Харин авиралт хийхийг хориглох сургаар Улуруг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ. Олон зуун хүн энэ чулуун ууланд авирахаар дугаарлан зогсож байгаа юм. Гэхдээ авиралт тийм ч амархан биш юм байна. 1950 оноос хойш жуулчид Улуруд авиралт хийж байгаад унаж болон шингэний дутагдалд орж амиа алдсан тохиолдол олон удаа гарч байжээ.
2018 онд л гэхэд Японы нэгэн жуулчин чулуун уулын хамгийн өндөрлөг хэсэгт гарах гэж завдаад унаж амь насаараа хохирч байжээ. Мөн зуны цагт энэхүү өвөрмөц тогтоц бүхий газрын орчин тойронд 47 хэм хүртэл халдаг учраас хэт халуун болон шингэний дутагдлаас болж жуулчид амиа алдах эрсдэл өндөр юм.

| Австралийн “Улуру” ууланд авиралт хийхийг хоригложээ | ||
| Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.