Шууд Chart

Дубайн нарны эрчим хүчний цогцолбор 1.3 сая айл өрхийг цахилгаанаар хангана

2019-10-30 09:00:00

Арабын Нэгдсэн Эмирт улс дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний паркийг бүтээн босгох ажлаа үргэлжлүүлж байна. 2030 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа энэхүү парк бүрэн ашиглалтад орсон тохиолдолд 1.3 сая айл өрхийг цахилгаанаар хангах юм.  

Дубайн цөлд баригдаж байгаа нарны зайн парк нь Мохаммед Бин Рашид Аль Мактум гэсэн урт нэртэй юм. Паркийг Араб Нэгдсэн Эмиртийн дэд ерөнхийлөгч болон ерөнхий сайдаар ажиллаж байсан Мактумын нэрээр нэрлэсэн юм. Энэхүү аварга нарны эрчим хүчний цогцолборыг барих ажил дөрөвдүгээр шат руугаа ороод байна. 

Дубайн Эрчим Хүч, Усны газрын мэдээлснээр 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай цогцолбор бүрэн ашиглалтад орох үедээ 1.3 сая айл өрхийг цахилгаанаар хангаж, тус улсын хүлэмжийн хийн ялгарал жил тутамд 6.5 сая тонноор буурах юм. 5000 мегаваттын нарны зайн паркийг барих төслийг хамгийн анх 2012 онд олон нийтэд зарлаж, бүтээн босголтын ажлыг 2030 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгааг онцолсон юм. 

Эмиртийн Эрчим Хүч, Усны газрын өгсөн мэдээллээр паркийн бүтээн босголтын ажлын чухал хэсэг болсон нарны зайн цамхгийг босгоод байна гэжээ. Хятадын Нинся дахь 1547 мегаваттын үйлдвэр бүрэн ажиллагаанд орсон дэлхийн хамгийн том нарны зайн төв юм. Тэгвэл бүтээн босголтын ажил нь  дөнгөж 4-р шатандаа яваа Дубайн нарны эрчим хүчний парк одоо 1963 мегаватт цахилгаан үйлдвэрлэх чадавхтай болжээ.

Ер нь Арабын Нэгдсэн Эмирт улс гэрэл цахилгаанаа аль болохоор сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авахыг зорьж байна. Тодруулбал, тус улс 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж байгаа бол 2050 он гэхэд энэ үзүүлэлтийг 75 хувьд хүргэх зорилттой байна. Энэ нь тус улс 42 000 мегаватт цахилгааныг нарны толь, салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргах юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубайн нарны эрчим хүчний цогцолбор 1.3 сая айл өрхийг цахилгаанаар хангана  
Үзсэн: 1690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй