Шууд Chart

Японд сургуулийн хүүхдүүдийн дунд холын хараа муудах өвчлөл хэт өндөр байгааг анхаарууллаа

2019-11-06 13:49:04

Япон улсын ахлах сургуулийн хүүхдүүдийн 10 хувь нь хүнд төрлийн холын хараа муудах өвчлөлд өртөөд байж болзошгүйг судлаачид анхаарууллаа. Кейо их сургуулийн судлаачид Токио хотын бага болон ахлах сургуулийн 1400 гаруй сурагчдын дунд харааны чадварыг тогтоох судалгааг явуулсан байна.

Судалгаанд хамрагдсан бага сургуулийн хүүхдүүдийн 76.5 хувь, ахлах сургуулийн сурагчдын 94.9 хувь холын хараа муутай болох нь тогтоогджээ. Ахлах сургуулийн хүүхдүүдийн 9.9 хувь 17 сантиметрээс цааш зүйлсийг тод харж чадахгүй байна гэсэн үр дүнг гаргажээ. Холын хараа муудах нь яваандаа нүдний торлог бүрхэвч гэмтэхэд хүрч, бүр хараагүй болох тохиолдолд ч хүргэдэг аюултай гэдгийг анхааруулж байгаа юм. 

Ийнхүү Японы сургуулийн хүүхдүүдийн дунд холын хараа муудах өвчлөл хэт өндөр байгаа нь тус улсын хүүхэд багачууд гадаа тоглох, салхилах,  зугаалах нь эрс багасаж, ихэнх цагийг гэртээ утас болон компьютер ширтэхэд зарцуулж байгаатай холбоотой гэж үзэж байна. Судалгааг удирдан явуулсан профессор Казуо Цубота улс орныхоо хэмжээнд анхаарал хандуулах ёстой ноцтой асуудал гэдгийг хэлсэн байна.

Ер нь судлаачид дэлхий дахины хэмжээнд 2050 он гэхэд 4.8 тэрбум хүн холын хараа муудах өвчлөлд өртөх магадлалтай байгаа гэсэн тоон судалгаа байдаг юм. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ асуудалд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд сургуулийн хүүхдүүдийн дунд холын хараа муудах өвчлөл хэт өндөр байгааг анхаарууллаа  
Үзсэн: 1531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй