Шууд Chart

Испанид 4 жилийн дотор парламентын сонгууль 4 дэх удаагаа болж байна

2019-11-10 18:00:00

Испани улсын парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдах юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулиар аль ч улс төрийн хүчин олонх болж чадаагүйгээс гадна Эвслийн Засгийн газар байгуулах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн юм. Үүнээс үүдэн дахин сонгууль явагдаж байна.

Испани улсад өнгөрсөн дөрвөн жилийн дотор дөрөв дэх удаагаа парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байгаа нь энэ юм. Санал хураалт орон нутгийн цагаар өнөө өглөө 09:00 цагт эхэлж, сонгуулийн дүн шөнө дунд гэхэд гарна.

Энэ удаагийн сонгуулиар дахиад л аль ч улс төрийн хүчин үнэмлэхүй ялалт байгуулж чадахгүй гэдгийг олон нийтийн санал асуулга харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаар энэ санал хураалтаар Социалист ажилчны нам хамгийн өндөр буюу 27 хувийн санал авахаар байгаа бол Ардын нам 21 хувийн дэмжлэг авах төлөв ажиглагдаж байна.

Парламентын сонгуулиар хөндөгдөж байгаа чухал сэдвүүдийн нэг Испанийн Каталони мужийн салан тусгаарлах тухай асуудал юм. Испанийн шүүхээс салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал хураалтыг зохион явуулсан Каталонийн хэд хэдэн удирдагчийг хорих шийдвэр гаргаснаас үүдэн тус мужид иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна.

Испаниас Каталонийг салан тусгаарлахыг дэмжигчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарч, олон арван хүн гэмтээд байгаа юм. Засгийн эрхийг барьж байгаа Социалист ажилчны нам Каталонийн тусгаар улс болох асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээ илэрхийлээд байгаа бол Ардын нам хатуу арга хэмжээг авна гэсэн байр суурьтай байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанид 4 жилийн дотор парламентын сонгууль 4 дэх удаагаа болж байна   
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй