Шууд Chart

Мексик улс Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралестэд улс төрийн орогнол олгоно

2019-11-12 16:07:20

Болив улсад улс төрийн тогтворгүй байдал бий болж, тус улсыг 13 жилийн турш удирдсан ерөнхийлөгч Эво Моралес албан тушаалаасаа буугаад байгаа. Тэгвэл Экс ерөнхийлөгч Моралес Мексик улсаас улс төрийн орогнол олгохыг хүсч байжээ. Мексикийн талаас түүний хүсэлтийг хүлээн авч буйгаа зарлаад байгаа юм.

Мексик улсын талаас Боливийн ерөнхийлөгч асан Моралесд улс төрийн орогнол олгохыг зөвшөөрсөн явдал нь хүнлэг чанарын үүднээс гаргаж буй шийдвэр гэдгийг онцолсон байна. Мексикийн Гадаад Хэргийн сайд Маркело Эбрард  Боливийн экс ерөнхийлөгчид орогнол олгохоо хэвлэлийн хурлын үеэр зарлаад байгаа юм. Тэрээр сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ, “хэдхэн минутын өмнө би ерөнхийлөгч Эво Моралесаас утасны дуудлага хүлээн авсан. Тэрээр манай улсад орогнох хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн” гэсэн байна. Мөн Мексикийн зүгээс Болив улсад армийн оролцоотой  төрийн эргэлт явагдаж, Моралес албан тушаалаасаа буухад хүрээд байгааг илэрхийлжээ. Харин энэ үйл явдлын талаар Боливи улсын экс ерөнхийлөгч ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм. Ерөнхийлөгч асан Моралес түүнийг албан тушаалаас нь буулгахад хүрсэн сөрөг хүчнийхний эсрэг тэмцэхийг дэмжигчдээсээ уриалаад байгаа юм.  

Боливи улсад Моралесийг албан тушаалаас нь буулгасныг эсэргүүцэгчид болон хамгаалалтын хүчнийхний хоорондох мөргөлдөөний улмаас 20 хүн бэртэж гэмтээд байна. Тус улсын армийн удирдлагуудын зүгээс Моралесийг огцрохыг шаардаж эхэлсний дараагаар тэрээр албан тушаалаасаа буугаад байгаа юм. Болив улсын Сенатын зүгээс дахин сонгууль явагдах хүртэл ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэх түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилох юм. Кока тариалах ажлыг олон жилийн турш хийж байсан Моралес 2006 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш саяхныг хүртэл энэ албан тушаалыг хашсан юм. Тэрээр Боливи улс дахь ядуурлын эсрэг тэмцэл, эдийн засгийг сэргээх үр дүнтэй бодлогуудаараа ард иргэдийнхээ дунд нэр хүнд сайтай байжээ.

Гэвч Моралес 4 дэх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Боливийн үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан нь сөрөг хүчин төдийгүй зарим иргэний бухимдлыг төрүүлж эхэлсэн юм. Мөн өнгөрсөн 10-р сард явагдсан сонгуулиар Эво Моралес дахин ялалт байгуулсан ч ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантай явагдсан гэж үзэн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн юм. 

Дэлхийн улс орнууд Боливид өрнөөд байгаа улс төрийн үйл явцад янз бүрийн байр сууринаас хандаж байна. АНУ–ын ерөнхийлөгч Дональд Трамп Эво Моралес огцрож, улс эх орноосоо дүрвэн гарахад хүрээд байгааг тус улсын ардчиллын хөгжилд чухал нөлөө үзүүлэх цаг үе гэж тодорхойлжээ. Харин ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Болив улсын сөрөг хүчнийг буруутгасан байр суурьтай байгаа юм. Испанийн улсын зүгээс Боливийн арми энэ үйл явдалд оролцоод байгааг мөн буруутгажээ. Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг албыг түр орлон гүйцэтгэгч 90 өдрийн дотор Боливид дахин сонгууль явуулах ёстой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексик улс Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралестэд улс төрийн орогнол олгоно   
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй