Австралийн хоёр ч мужид их хэмжээний газар нутагт ой хээрийн түймэрт өртөж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болоод байна. Энэ байгалийн гамшигт хамгийн ихээр өртөөд байгаа бүс нутаг бол Шинэ Өмнөд Уэльс муж юм. Тус мужид ойн хээрийн түймрээс үүдэн 600 гаруй сургуулийг хаагаад байна.

Австралийн баруун эргийн Шинэ Өмнөд Уэльс мужид ой хээрийн түймрийн 60 гаруй голомт үүсээд байгаа юм. Хэт халуун болон хүчтэй салхины улмаас 6 сая гаруй хүн амьдардаг энэ бүс дэх ой хээрийн түймэр цаашид ч хурдацтай тархах төлөвтэй байна. Үүнээс үүдэн Шинэ Өмнөд Уэльс мужийн албаныхан гал түймэрт өртөж болзошгүй газар нутагт амьдарч байгаа иргэдийг аюулгүй газар уруу нүүхийг уриалж байна.

Мөн тус мужид 7 өдрийн хугацаатай онц байдлыг зарлаж байгаа юм. Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон Квинсленд мужид ой хээрийн түймэр эхэлснээс хойш гурван хүн амиа алдаж, 200 гаруй барилга, байшин шатаад байна. Хурдацтай тархаж байгаа гал түймрийг унтраах ажилд 3000 гал сөнөөгч оролцож байгаагийн зарим нь Шинэ Зеландаас иржээ. 100 мянга гаруй акр талбайг хамраад байгаа гал түймрийг унтраахад хүн хүч дутагдаж байгааг мөн албаныхан хэлжээ.

Энэ хооронд эрдэмтэд Австралид сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа хэт хуурай, халуун уур амьсгалыг дэлхийн дулаарлын нөлөөтэй холбон тайлбарлаж байна. 2018 болон 2017 онуудад Австрали дахь хэт халуун тус улсын түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрсэн юм.


![]()
| Австрали улсад ой хээрийн түймрийн улмаас 600 гаруй сургууль хаагдаад байна | ||
| Үзсэн: 2830 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.