Шууд Chart

Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Японы иргэн болох хүсэлтээ гаргажээ

2019-11-13 09:14:13

Мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко өнгөрөгч есдүгээр сарын 16-нд өвчний учир таалал төгссөн билээ.

Тэрээр сүмо бөхийн холбооны тойргийн барилдаан хариуцсан хэсэгт дэд тэргүүний алба хашиж байжээ. Тамирчин байх хугацаандаа гарамгай барилдааны шагналыг тав, уран барилдааны шагналыг дөрөв, Таканосато, Чиёонофүжи, Фүтахагүро аваргуудаас долоон кинбоши авч байсан аж.

58 насандаа нас барсан түүний хамгийн том цолтой бөх нь их аварга Какүрюү М.Ананд юм. Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болж тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжин барилдаж байгаа. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Сумогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудад гаргажээ. М.Ананд аваргын хувьд Япон Улсын иргэншлийг сонгосон сумогийн дөрөв Монгол бөх болж байна.

Түүнээс өмнө Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар болж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Японы иргэн болох хүсэлтээ гаргажээ  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй