Шри-Ланка улсад өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ удаагийн сонгуулиар хөндөгдөж байгаа хамгийн чухал сэдэв нь аюулгүй байдлын асуудал болоод байна. Тус улсад саяхан 250 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсон юм.

Шри–Ланк улсын өнөөгийн ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн орыг залгах, шинэ ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд 35 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд санал хураалтын хуудас 66 сантиметрийн урттай бөгөөд бүх нэр дэвшигчдийн нэрсийг багтаахын тулд ийм урт цаасыг ашиглахад хүрчээ.

Энэ жилийн сонгуульд ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдээр Батлан Хамгаалахын сайд асан Готабаяа Ражапакса болон Барилгын сайд Сажит Премадаса нар нэрлэгдэж байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Сирисенагийн нэр хүнд хоёр хүчин зүйлээс болж унаад байгааг шинжээчид онцоллоо. Тодруулбал, Шри-Ланкад саяхан 250 гаруй хүний амь насанд хүрсэн террорист халдлага болсон юм. Энэ халдлагаас үүдэн тус улсын засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал хөндөгдөж, аюулгүй байдлыг сахин хамгаалалтай ёстой цагдаа, арми хүчтэй шүүмжлэлд өртөж байсан юм. Үүнээс ч үүдэн энэ удаагийн сонгуулийн гол сэдвүүдийн нэг нь Шри-Ланкад аюулгүй байдлыг сайжруулах тухай сэдэв болоод байна.
Үүнээс гадна өнөөгийн ерөнхийлөгч ерөнхий сайдаа огцруулах гээд бүтэлгүйтсэн нь Шри-Ланкад үндсэн хуулийн хямралыг бий болгоход хүргээд байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тус улсын парламент ерөнхий сайдын албанд нэр дэвшигчийг санал болгож, ерөнхийлөгч эцсийн байдлаар баталдаг юм байна.
| Шри-Ланка улсын ерөнхийлөгчийн сонгуульд 35 нэр дэвшигч өрсөлдөж байна | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.