Шууд Chart

“Сауди Арамко” компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлжээ

2019-11-18 15:54:27

Дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Сауди Арамко компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлээд байна. Энэ үнэлгээгээрээ Сауди Арамко дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгдэж буй компани болоод байгаа юм.  

Ням гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр Сауди Арамко компани нэг ширхэг хувьцаагаа 8-8.53 ам.долларын ханштайгаар худалдаанд гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн хувьчлалын хүрээнд Сауди Арамкогийн нийт 200 тэрбум хувьцааны 1.5 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар зорьж буйг дамжуулсан байна. Энэ нь дэлхийн хамгийн өндөр ашигтай Сауди Арамкогийн үнэлгээ 1.6-1.7 триллион ам.долларын  хооронд байна гэж тооцоолж байгааг харууллаа. 

Дэлхий дахины хэмжээнд ийм өндөр үнэлгээнд хүрч байсан компани бараг л байхгүй гэдгийг шинжээчид онцоллоо. Саудын Арабын газрын тосны монопол Сауди Арамко Америкийн “Apple” компаниас ч илүү өндрөөр үнэлэгдэж байгаа юм. Хар алтаар баялаг Саудын Арабын удирдагчид тус улсын хамгийн том газрын тосны компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээр анх удаагаа худалдаанд гаргаад байгаа нь энэ юм. Энэ нь тус улсын удирдагчдын газрын тосны үнээс хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулах бодлогын нэг хэсэг юм. 2018 онд 111 тэрбум ам.долларын ашигтай ажилласан тус компанийн хувьцааны борлуулалтаас орж ирсэн ашгийг эдийн засгийн шинэчлэлийн бодлого, хөтөлбөрүүдэд зориулна гэдгээ Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман мэдэгдээд байгаа. Тэрээр Сауди Арамког 2 триллион ам.доллараар үнэлэгдэнэ гэж тооцоолж байсан нэгэн юм. 

Гэвч газрын тосны үнэ буурсан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлээс үүдэн компанийн үнэлгээ хунтайж Салманын урьдчилан тооцоолж байсан түвшинд хүрээгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. Сауди Арамкогийн хөрөнгийн биржид борлуулагдах хувьцааны 0.5 хувийг хувь хүнд олгох бол үлдсэн хэсгийг байгууллагуудад худалдаалахаар төлөвлөж байна. Сонирхуулахад Арамкогийн хувьцаа зөвхөн дотоодын бирж дээр худалдаанд гарч байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сауди Арамко” компанийг 1.7 триллион ам.доллараар үнэлжээ  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй