Америкийн конгрессын гишүүд Хонконг дахь хүний эрх, ардчиллыг хамгаалах талаарх хуулийн төсөлд гарын үсэг зурахыг ерөнхийлөгч Дональд Трампаас хүссэн байна. Бээжингийн хүчтэй эсэргүүцэж байгаа энэ хуулийн төслийг Америкийн төлөөлөгчдийн танхим болон конгрессын гишүүд дуу нэгтэй дэмжээд байгаа юм.
Хонконг дахь хүний эрх, ардчиллыг дэмжих, хамгаалах талаарх хуулийн төсөлд цагаан ордны тэргүүн гарын үсэг зурснаар энэ хууль хэрэгжиж эхлэх юм. Америкийн ерөнхийлөгч Дональд Трампад хандан тус хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурахыг уриалсан хэвлэлийн хурлыг пүрэв гарагт зохион явуулжээ. Энэ хуралд Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси тэргүүтэй Ардчилсан болон Бүгд Найрамдах намын гишүүд оролцжээ.
Хатагтай Пелоси энэхүү хуулийн төсөл нь Америк улс эрх чөлөө, шударга ёсны талд зогсож буйг харуулж байгааг онцолж, цаашид ч Хонконгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчидтэй хамт байх болно гэдгийг илэрхийлсэн байна. Тус хуулийн төсөлд Хонконг дахь хүний эрхийн зөрчилд буруутай Хятадын төрийн албаныхны эсрэг хориг аргаа тавих талаар туссан байна.
Харин Вашингтон, Бээжингийн хоорондох худалдааны харилцааг сэргээхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн асуудлаарх хуулийн төслийн талаар тодорхой байр суурийг илэрхийлээгүй л байна. Гэхдээ Америкийн төлөөлөгчдийн танхим болон Конгрессын дэмжээд байгаа хуулийн төсөлд цагаан ордны тэргүүн гарын үсэг зурна гэж улс төрийн зарим шинжээч үзэж байгаа юм.
Харин Бээжингийн зүгээс Вашингтоныг дотоод хэрэгт нь оролцож байна гэж буруутгаж байгаа юм. Хэрэв Америкийн эрх баригчид Хонконгт ардчилал, хүний эрхийг хамгаалах асуудлаарх хуулийн төслийг батлавал Бээжин яаралтай хариу арга хэмжээг авна гэдгээ илэрхийлээд байна.
| Хонконг ардчиллын хөдөлгөөнийг дэмжих хуулийн төсөлд гарын үсэг зурахыг Дональд Трампаас хүсчээ | ||
| Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.