
Магнайдаа тоос огт хүргэж үзээгүй гайхамшигт хүлэг бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат Хөхийн Сүрэнхорын алдарт хээр азарага байсан билээ.
Долоон нас хүртлээ долоон удаа уралдахдаа нэг ч удаа өмнөө алтан туурайт оруулаагүй гэдэг.
Эдүүгээ “Мон Уран” ХХК-ий захирал Б.Наранхүүгийн төрийн түмэн эх алдарт амгалан төрийн ажнай шарга азарагатай энэ зэрэгцэх гайхамшигт хүлэг байлаа.
Улс хувьсгалын 70 жилийн ойгоор буянт ухаад түмэн олныг баясуулан саахалтын газар тоос татуулан түрүүлж наадамчин олноо цэнгүүлэн баясгаад маргааш нь нутгийн зүг өсөж ундаалсан Хэрлэнгийнхээ Хөдөө арлын зүг хөдлөхөд согтуу эмэгтэй жолооч машинаар дайрсан гэдэг.
Энэ бол Монгол түмэнд хар дарсан зүүд мэт муу мэдээ тэнгэр цөмлөн ирсэн юм. Хүлэг мориндоо хайртай хүн бүр харууслын хар мананд живсэн биз ээ. Бүр итгэж чадахгүй байлаа.
Ингээд алдарт хээр азарганы тухай толилуулая
.............Зүүдэнд минь морь зүүдлэгдэхэд тэр өдөртээ бүр хэдэн өдөртөө сэтгэл сэргэг хийморлог байдаг. Морины тухай бичихгүй, дурсахгүй бол “юм” бичих хэрэг юун билээ. Сайхан ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход ч хийморь сэргэдэг биз ээ. Орчлон хорвоогийн алаг тавиланд хүнээс дутуугуй цуутайхан “амьдарч” зүсээ, мөрөө үлдээсэн ажнай хүлгүүдийг бодох ахуйд хар аягтаа л сэтгэл уясч, хайр, харуусал, эмзэглэл, омог бахархал төрнөм. Цог хийморь үүл мэт хуралднам. Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж харзлах тийм нэг амин мөн чанарт морь хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу.
Мориныхоо хүч чадал, ухаан, цог залиар л дэлхийн дайдыг эзэлж явсан үнэн түүх бидэнд бий. Хэчнээн олон ажнай хүлэг харийн дайсны суманд өртөж, халуун цусаа асгаруулан, амьсгалаа хуур шиг татсан бол гэж бодохоос нүд харанхуйлж гол зурагдах шиг болдог оо. Халхын голын дайны домогт баатар Лодонгийн Дандарыг алаг мориноос нь, баруун хил, Байтаг Богдын эрэлхэг хөвгүүн Баянбалын Тэгшээг хүрэн халзан мориноос нь салгаж ойлгодоггүйн учир энэ буюу.
Хээр талын алтан зурхай дээрээс наадмын морьд эргэх шиг ер бусын хором, агшин гэж үгүй. Хөх ногооны униар хөшиг татан суунаглаж, өчигдрийн орсон борооны чийгтэй хөрсийг хатан туураараа тамгалан, Их Нацагдоржийн “Шувуун саарал”-аа зурагладаг шиг тийм л гоёмсог дүр зураг нүднээ буудаг даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын Элбэг хээр, Их хээр, Идэр хээр, Зандан хүрэн, Номин цэнхэр зэрэг цуут хурдан хүлгүүдийн мөнхийн уяанаас залгагдаж уягдсан, “Засаг төрийн зандан ширээ” өргөмжлөлт Шийтэрийн зээрд, “Мөнх төрийн мөнгөн магнай” Даваацэрэн начингийн хүрэн халзан, Санжаабүрэгийн цавьдар, Падын хүрэн, Данзаннямын Ажнай хүрэн, Морин тойруулгын Тогоруу халтар, Солонго цавьдар, Даваахүүгийн Цолмон халтар, Өндөр зул, Маарын хээр, Батхүүгийн Толин хул, Сандагдоржийн хар, Эрдэнэчулууны шарга гээд цуварна даа. Дандаа хурдан азарганууд байгааг та анзаарч буй.
Эдгээр хурдан азарганы цуваанд зүй ёсоор багтах ажнай бол Сүрэнхорын алдарт босоо хээр билээ.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын адуучин эр Хөхийн Сүрэнхорын унаган азарга эцэг талаасаа өвгөн ноён Пүрэвжавын дагмид адууны угшлынх. Харин эх нь Хэнтийн Мөрөн сумаас Сүрэнхорд ирсэн гэдэг. Дээд угшил нь Галшард хамаардаг юм билээ.
1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор Дэлгэрхааны хээр ажнай Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж уралдан Алдар толгойг тойрон, Айдасын давааг магнайдаа тоосгүй давсан түүхтэй. Ардаа яваа аргамаг хүлгүүдээсээ хол тасран Буян-Ухааг өгсөхдөө наадамчин олныг шуугиулж шагшуулан, Яармагийн дэнжийг донсолгон байж барианд орсныг хэн хэнгүй мэднэ.
Хөдөө нутгийнхан “Араажав”-аараа сонсон сэтгэл хөөрч, дагаж давхисан биз. Дэргэдээс нь болон зурагтаар харсан наадамчид баярын нулимс мэлмэрүүлж, хөдөөх эр Хөхийн Сүрэнхорын магнайд наадмын од харвах нь тэр ээ.
Гэвч бахархал, догдлол, хөөр баяраар бялхсан наадамчдын сэтгэлийн хөөрөл дарагдаагүй, магнайгаа хагартал баярласан уяачийн хусуурынх нь хөлс хатаагүй байтал “Сүрэнхорын хээрийг машинаар дайрчээ” гэсэн харуусалт мэдээ хуурай түймэр шиг дэгдэв. Сонссон бүхэн чихэндээ итгэсэнгүй. Тийм сайхан ажнай хүлгийг дайрах адгийн амьтан гэж хаанаас байх вэ, худлаа цуу яриа л биз гээд огтхон ч халгаагаагүй.
Тэгтэл “Хадаа өнгөрлөө гэсэн харуусалт энэ мэдээг сонсоход дүлий байх минь яав даа” гэж Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн Сүрэнхорын алдарт босоо хээр амьдын орчлонгоос од мэт харавсан нь үнэн байлаа.
Бүр маргаангүй үнэн байлаа. Хурдан хурцыг нь гайхан, аль л сайн сайхан үгээрээ булж, хийморь даллан түрүүлж ирэхэд нь сэтгэлийн цэнгэл, хөөр баярыг амталсан Монгол түмэн гашуудан харуусч, дахиад л уйлсан юм. Тэрхүү нулимс өр зүрхийг нь зүсэн зүсэн урссан биз ээ.
Сүрэнхорын хээр азарга ингэж л олныг хэтэрхий баярлуулан, хэтэрхий гомдоож, хүмүүний орчлонгийн хар цагаан зааг дундуур солирын бороо мэт туяараад алга болсон юм аа.
Босоо хээрийг 1991 оны тийн түрүүлэх ахуйд морь тайлбарлагч “Долоон настай азарга долоон жил уралдахдаа магнайдаа нэг ч удаа тоос хүргээгүй юм” хэмээн хэлж байсныг санаж байна. Үнэхээр хоромхон зуур асаад унтрах од байж дээ.
“Дэрэнгийн хар азарга” гэгддэг Ц.Чимэддорж найрагчийн “Сүрэнхорын хээр” шүлгийг бас дуулгая.
Сүрэнхорын хээр
Цэгцэрийн шар тал, татаарын илдэн хүрээнээс
Цэцэлзсэн ногоон архийг хортой нь хөнтрөөд мордсон
Баатар Есүхэйн нүдэнд Бурхан Халдун дайвж
Багтраа саарал Онон тасарч нийлсний далд улбаа
Харваж шатсан од шиг түмэн эхийг бодохоор
Хамаг бие минь эгшин цусгүй болчих шиг санагдах юм
Хат ханасан туурай нь аргалын гал юмсан
Хадагтай алтан магнай нь хээр нар юмсан
Хазаарын солиноос төөрөг хол адуусан
Адгаж хөөрсөн наадамчдын зөрсөн загас шиг хүрээнд
Адуундаа л ирж байгаа юм шиг тааваараа давхиад орсон юмсан
Хийморийн сантай уяан дээр нар залгилан эвшээж
Хэрлэн хөдөө аралд Чингэсийн гал асаасан юмсан
Зогсож байгаа нь хааны татсан нум
Давхиж яваа нь Хасарын тавьсан сум
Дэлгэрхааны хээр ажнай унаган удамдаа амьтай
Дэлхийг гишиглэсэн Монголын их адуу тэнгэрийн хөх сэтэртэй
Эзэн, морь хоёр бурханы оронд яваа | ||
Үзсэн: 3403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.