Шууд Chart

Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулиар ардчилсан хүчнийхэн үнэмлэхүй ялалт байгууллаа

2019-11-26 12:14:55

Өнгөрсөн 5 сарын турш жагсаал тэмцэл өрнөсөн Хонконгт дүүргийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт явагдсан юм. 400 гаруй зөвлөлийн гишүүнийг сонгох энэ сонгуульд Хонконгт ардчиллын төлөө тэмцлийг өрнүүлэгчид үнэмлэхүй ялалтыг байгуулаад байна. 

Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулиар ардчиллын төлөөх оюутан залуусын төлөөлөгчид үнэмлэхүй ялалтыг байгуулснаар тус хотын засаг захиргаанд илүү ихээр шахалт үзүүлэх нөхцөл бүрдээд байгааг шинжээчид онцоллоо. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулснаар 17 дүүрэг дэх 452 суудлын 80 гаруй хувийг Ардчилсан хүчнийхэн аваад байгаа юм.

Бээжингийн бодлогыг хүчтэй эсэргүүцэгч Ардчилсан намын тэргүүн Ву Чи-вай Хонконгийн жагсагчдын эсрэг цагдаа нарын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөрдөн шалгах шаардлагыг юун түрүүнд тавина гэдгээ мэдэгдээд байна. Хонконгийн дүүргийн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох сонгууль явагдсаны дараа ардчиллын төлөө тэмцэгчид тус хотын Политехникийн Их Сургуулийн гадаа ахин цуглаж, энэхүү сургууль дотор хорионд ороод  байгаа зарим жагсагчдыг суллахыг шаардлаа.

Хонконгийн 7.4 сая иргэний 4.1 сая нь сонгуульд оролцохоор нэрээ бүртгүүлээд байсан юм. Дүүргийн зөвлөлийн  450 гаруй суудлын төлөө 1000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж, Ардчиллын төлөө тэмцэгчид ийнхүү санаанд оромгүй ялалтыг байгууллаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулиар ардчилсан хүчнийхэн үнэмлэхүй ялалт байгууллаа  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй