Шууд Chart

Албанид онц байдал зарлажээ

2019-11-28 16:18:13

Европын буурай орнуудын нэг гэгддэг Албанид хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтийн үеэр сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн тус улсад онц байдал зарлаад байна. 

Өнгөрсөн мягмар гарагт Албанид 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдаад байгаа хүний тоо 30 орчим болоод байгаагаас гадна өөр 32 хүний биеийн байдал тун хүнд байна. Мягмар гарагт газар хөдлөлт болсноос хойш нэг өдрийн дараа Албанид онц байдал зарлаж байгааг тус улсын удирдагчид мэдэгдсэн байна.

Энэ удаагийн газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан бүс нутагт далайн эргийн Дуррес хот багтаж байна. Газар хөдлөлтийн голомт Дуррес хотын ойролцоо байжээ. Албаныхан энэхүү байгалийн аюулт үзэгдлийн үеэр амь насаараа хохирсон иргэдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг анхааруулсан байна. Учир нь одоог хүртэл олон арван хүн ор сураггүй хэвээр байгаа юм.

Албанид өнөөдөр болон маргааш тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байсан ч бүх баярын үйл ажиллагааг цуцалж, харин  гашуудлын өдөр болгоод байна. Байгалийн гамшигт үзэгдлийн дараагаар иргэдэд туслах, аврах ажиллагаанд 4000 хүн оролцож байгаагийн дотор  гадны орны армийн албан хаагчид багтаж байна.

Итали, Франц болон Туркийн армийн 200 албан хаагч аврах ажиллагаанд оролцож байгаа юм. Энэ байгалийн гамшигт үзэгдлийн үеэр орон гэрээ алдсан иргэд спортын заал танхимд хоног өдрийг өнгөрүүлж байгааг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Үүнээс өмнө буюу 1979 онд Албанид газар хөдлөлт болж, 40 хүн амиа алдаж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Албанид онц байдал зарлажээ  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй