Шууд Chart

Европын комиссын шинэ гишүүд ирэх сарын нэгэнд тангараг өргөнө

2019-11-29 09:30:00

Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комисст ажиллах шинэ баг бүрдээд байгаа. Германы Батлан Хамгаалахын сайд асан Урсула Фон Дер Ляйенээр удирдуулсан шинэ гишүүд 12-р сарын 01-нд тангаргаа өргөн, ажилдаа орох юм.

Европын комисс нь хуулийн төсөл санал болгох, Европын парламентаас гаргасан шийдвэр, тогтоолуудыг хэрэгжүүлэх, Европын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг авч явах гол үүрэгтэй байгууллага юм. Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комиссыг ирэх 5 жилийн хугацаанд удирдан авч явах шинэ гишүүд сонгогдоод байна. Францын Страсбург хотод лхагва гарагт Европын парламентын хурал болж, энэ үеэр Европын комисст ажиллах 26 комиссарыг шинээр сонгох санал хураалтыг явуулсан байна.

Энэ байгууллагын тэргүүнээр Германы Батлан Хамгаалахын сайд асан Урсула Фон Дер Ляйен сонгогдоод байгаа юм. Европын комиссын шинэ дарга Фон дер Ляйен парламентад үг хэлэх үеэрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ажлыг идэвхжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр байгаль орчны болон дижитал зах зээлийг хөгжүүлэх асуудлуудад онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ онцолжээ. 

Шинжээчид Европын комиссын шинэ баг хэд хэдэн асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой болоод байгаагийн дотор Их Британийн Европын холбооноос гарах асуудал болон Европын орнууд, АНУ –ын хоорондох худалдааны хэлэлцээ гэдгийг онцоллоо. Европын Комисст ажиллах шинэ төлөөлөгчдийг сонгох ажил нэг сараар хойшлогдсон юм. Энэ нь Франц, Унгар болон Румын улсаас нэр дэвшигчдийг Европын парламент батлахаас татгалзсан үйл явдалтай холбоотой байжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Европын комиссыг Жан-Клод Юнкер даргалан ажилласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын комиссын шинэ гишүүд ирэх сарын нэгэнд тангараг өргөнө  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй