Шууд Chart

Хог хаягдлыг эрчим хүч гарган авахад ашиглаж байна

2019-11-29 10:45:13

Дэлхийн бүхий л оронд тулгамдаж байгаа нэгэн томоохон асуудал нь хог хаягдал, түүний байгаль орчин, ан амьтан болон хүмүүст үзүүлж байгаа сөрөг нөлөө юм. Гэхдээ олон улс оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх шинэ арга технологийг нэвтрүүлж байна. Үүний нэг нь эрчим хүч гарган авахад хог хаягдлыг ашиглаж байгаа явдал юм. 

Орчин үеийн шинэ техник технологийн тусламжтайгаар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж байгаа орнуудын нэг Дани улс юм. Тус улсын нийслэл Копенхаген хотод хогийг эрчим хүч болгон ашиглах цахилгаан станц саяхан нээлтээ хийжээ. Энэ цахилгаан станц нь нүүрсний оронд хог хаягдлыг шатаах замаар эрчим хүч ялгаруулдаг байна. Жил бүр 450 000 тонн хогийг шатааж, 30 000 айл өрхийг цахилгаанаар хангах юм. Мөн 72 000 айл өрхийг энэхүү эрчим хүчний эх үүсвэрээс дулаанаар хангах юм. Энэ цахилгаан станц олон хүнийг сайшаалыг хүлээж байгаа ч хог хаягдлыг шатаах үед хүлэмжийн хийн ялгарал их байгаа гэсэн шүүмжлэл гарчээ.

Харин энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Копенхаген хотын зүгээс шаталтын үеэр ялгарч байгаа хүлэмжийн хийг хуримтлуулах системийг суурилуулахаар төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна Сингапур, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл зэрэг хотод нарны зайгаар ажилладаг ухаалаг хогийн савнуудыг ашиглаж эхэлжээ. Хотын гудамжинд байрлах энэхүү савнууд хогоор дүүрэх үедээ хотын цэвэрлэгээний газар уруу дохио дамжуулдаг юм.

Ер нь хог хаягдлыг дахин боловсруулах болон устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын бизнес сүүлийн жилүүдэд улам тэлж байгаа юм. Олон улсын хог хаягдлын менежментийн зах зээл 2025 онд 331 тэрбум ам.долларт хүрэх төлөв байна. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хотууд жил бүр 2 тэрбум тонн хатуу хог хаягдлыг ялгаруулж байгаа юм. Бидний нэг өдөрт ялгаруулж байгаа хог жингээрээ Египетийн Гиза пирамидтай дүйцэхүйц байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хог хаягдлыг эрчим хүч гарган авахад ашиглаж байна  
Үзсэн: 1963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй