Шууд Chart

Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэ 101 насандаа таалал төгслөө

2019-11-30 18:00:00

Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэ 101 насандаа таалал төгслөө. Тэрээр Япон, АНУ-ын харилцааг бэхжүүлэх болон төрийн өмчийн томоохон компаниудын хувьчлалыг явуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч гэдгийг "NHK" онцолжээ.

Ясухиро Накасонэ хамгийн анх 1982 онд Японы Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан юм. Японы 71 дэх Ерөнхий сайд тэрээр Засгийн газрын тэргүүнээр сонгогдохоос өмнө намын төдийгүй төрийн хэд хэдэн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан туршлагатай улс төрч байсан юм.

Тэрээр 1947 онд Японы парламентын доод танхимд сонгогдсоноос хойш 20 удаа дахин сонгогдож байсан юм. Японы Ерөнхий сайдаар таван жилийн туршид ажиллахдаа Ясухиро Накасонэ Америкийн ерөнхийлөгч агсан Роналд Рейгантай тун нөхөрсөг харилцааг бий болгож, энэ нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмрийг оруулсан байна.

АНУ-аас гадна Япон, БНХАУ-ын хоорондох харилцааг сайжруулахад нөлөө үзүүлсэн улс төрч юм. Мөн тэрээр дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Японы дайны үеэр амиа алдсан цэрэг эрсийн хөшөөнд албан ёсоор хүндэтгэл үзүүлсэн анхны Ерөнхий сайд байжээ. Гэхдээ түүний энэ үйлдэл БНХАУ болон бусад орнуудын шүүмжлэлд өртөж байсан учраас дахин Ясукуни шүтээнд зочлоогүй юм.

Үүгээр зогсохгүй тэрээр Японы төрийн өмчит томоохон компаниудын хувьчлалыг явуулсан гэдгээ алдартай. Тус улсын төмөр замын болон үүрэн холбооны компаниудын хувьчлал үүн дотор багтаж байгаа юм. Их сургуулиа дүүргэсний дараагаар Японы Дотоод хэргийн яаманд ажилд орсон Ясухиро Накасонэ дэлхийн хоёрдугаар дайны үеэр усан цэргийн офицерын албыг хашиж байжээ.

Японы одоогийн Ерөнхий сайд Абэ Шинзо Ясухиро Накасонэг таалал төгссөнд гүнээ харуусч буйгаа илэрхийлжээ.  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэ 101 насандаа таалал төгслөө   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй