Шууд Chart

Монгол Улсад халдварт өвчний чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэгдлээ

2014-03-19 10:36:30

Манай улсад Европын холбоо, Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дагуу Шинэ Зеландын Массейн их сургуультай хамтран “Мал эмнэлэг-Биоаюулгүй байдал”, “Нийгмийн эрүүл мэнд-Биоаюулгүй байдал”-ын магистрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Уг сургалтын хөтөлбөрийн дагуу манай улсаас Шинэ Зеланд улсад эрүүл мэнд, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын салбараас есөн эмч, мэргэжилтэн суралцаж амжилттай төгсчээ.
 
Төгсөгчид  цаашид Монгол Улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудаас хамтран баталгаажуулсан “Нэг дэлхий-нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг хэрэгжүүлэн ажиллахаас гадна хүн, мал эмнэлгийн салбарт тулгамдаж буй Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүн, малын халдварт өвчний голомтод дэгдэлтийн судалгаа хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох аж.
 
Төгсөлтийн баярын арга хэмжээ маргааш 15:30 цагт Кемпински-Хаан Палас зочид буудлын “Тэнгэр” хурлын танхимд болно.
 
Тус арга хэмжээнд ЭМЯ, ҮХААЯ, ОБЕГ, ДЭМБ, Дэлхийн банк, Мал эмнэлэг үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Швейцарын хөгжлийн агентлаг, “Шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төсөл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд нийт 40 гаруй хүн оролцож байгаагийн зэрэгцээ Шинэ Зеланд улсын Массейн их сургуулийн доктор, профессорууд хүрэлцэн ирж оролцох юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улсад халдварт өвчний чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэгдлээ  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй