Ираны Ерөнхийлөгч Япон улсад хоёр өдрийн айлчлал хийлээ. Энэ үеэр Тегераны удирдагчид Японтой бүхий л талаар харилцаагаа сайжруулах эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ. Хоёр улсын харилцааг сайжруулахад АНУ-ын Ираны эсрэг хориг арга хэмжээ ихээхэн саад учруулж байгааг Ираны Ерөнхийлөгч онцолсон байна.
Ираны Төрийн тэргүүн Япон улсад албан ёсны айлчлал хийсэн үйл явдал 19 жилийн дараа дахин тохиож байна. Хасан Рухани энэхүү айлчлалынхаа үеэр Японы төрийн өндөр албан тушаалтнууд болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч Хасан Рухани Японы гол холбоотон АНУ-ын Ираны эсрэг авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг шүүмжилж, мөн Тегеран Токиотой холбоо харилцаагаа сайжруулахыг хүсч буйг илэрхийлжээ.
Мөн Ерөнхийлөгч Хасан Руханийн айлчлалыг дагалдсан Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Арагчи Японы "NHK" агентлагт ярилцага өгчээ. Тэрбээр Иран болон Японы хоорондох харилцааг сайжруулахад саад тотгор болж буй зүйлс байгааг онцолжээ.
АНУ-ын хууль бус хориг арга хэмжээ хоёр улсын хоорондох харилцааг сайжруулахад чөдөр тушаа болж байгааг онцолж, бусад талаар Токио болон Тегераны талуудын харилцаа холбоо хэвийн байгааг хэлсэн байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзах үедээ Иран АНУ-ын хориг арга хэмжээний дараагаар тус улсаас газрын тос худалдан авахаа зогсоосон орнуудтай худалдааны харилцаагаа эргэн сэргээх хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Ираны Ерөнхийлөгч Япон дахь айлчлалаа өндөрлүүлсний дараагаар Малайз улсыг зориод байна.
| Иран, Японы харилцааг сайжруулахад АНУ-ын хориг "чөдөр" болж байгааг онцолжээ | ||
| Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.