Шууд Chart

Австралид 400 оршин суугчтай тосгоны ихэнх барилга, байшин шатжээ

2019-12-23 16:02:17

Өнгөрсөн долоо хоногт Австралид хэт халуун түүхэн дээд хэмжээндээ хүрсэн юм. Энэ нь тус улсын хэд хэдэн мужид гараад байгаа ой хээрийн түймрийн тархалтыг улам нэмэгдүүлээд байна. Шинэ Өмнөд Вэльс мужийн 400 оршин суугчтай тосгоны барилга байшингууд бүхэлдээ шатжээ.

Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн захирагч Глэдис Бережиклян ойн хээрийн түймрийн хор уршиг туйлын их байгааг мэдэгдлээ. Тэрээр Сидней хотын баруун өмнөд зүгт орших 400 оршин суугчтай Балморал гэх жижиг тосгоны барилга, байгууламжууд бүхэлдээ галдаа шатаад байгааг мэдээлсэн байна. Тус тосгоны иргэн, 67 настай Стеве Харрисон ABC–д өгсөн ярилцлагадаа гал түймрээс зугтахаар машин уруу гүйх үед түүний байшингийн гаднах цэцэрлэг түймэрт шатаж байсан, мөн зам талбайнууд хүртэл шатаж байсан талаар ярьжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Балморалтай адилхан Австралийн олон жижиг тосгод  гал түймэрт автаад байгааг албаныхан анхааруулжээ.

Одоогийн байдлаар оршин суугчдыг түймэрт автсан тосгон уруу буцахыг хориглож байгаа төдийгүй иргэдэд учраад байгаа хохирлыг ч бүрэн тооцоолж чадахгүй байна. Шинэ Өмнөд Вэльс мужийн захирагч энэ үйл явдалтай холбогдуулж хэлсэн үгэндээ тэрээр иргэдийг аль болохоор ойрын хугацаанд төрөлх тосгодод нь буцаахыг хүсч байгаа ч аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор ийм зөвшөөрлийг өгөхгүй гэдгээ илэрхийлжээ.

Балморал тосгон шатах үеэр иргэд амь насаараа хохироогүй ч гэсэн гал сөнөөгчид түлэгдэж гэмтсэн тохиолдлууд бүртгэгджээ. Ням гарагийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс мужид нийт 98 ойн хээрийн гал түймрийн голомт үүсээд байгаа юм. Харин Өнгөрсөн 9-р сараас хойш Австралийн гал түймэрт арав орчим хүн амиа алдаад байгаагаар зогсохгүй олон мянган иргэн эд хөрөнгөөрөө хохироод байна.

Ийнхүү Австралийн иргэд байгалийн гамшигтай тэмцэж байх зуур тус улсын ерөнхий сайд Скот Моррисон нь амралт зугаалгаар Хавай аралд явж байсан тухай мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Тэрээр ард иргэд нь гамшигт өртөөд байхад гэр бүлийн амралтаараа явсандаа албан ёсоор уучлалт гуйгаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид 400 оршин суугчтай тосгоны ихэнх барилга, байшин шатжээ  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй