БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Сирийн хойд нутагт болж байгаа байлдааны ажиллагааг зогсоохгүй бол Сирийн дүрвэгчдийн шинэ урсгалыг барьж дийлэхгүйд хүрэх нь гэдгээ Европын орнуудад анхаарууллаа. Сирийн хойд Идлиб мужаас Европыг чиглэсэн 80мянган дүрвэгч Туркийн нутагт орж ирсэн байна.

Одоогийн байдлаар Сирийн босогчдын мэдэлд байгаа сүүлчийн бүс нутгуудын нэг Идлиб мужийг босогчдоос чөлөөлөхийн тулд Сирийн засгийн газар Оросын зэвсэгт хүчинтэй хамтран байлдааны ажиллагаа явуулж байгаа юм. Тус мужид 3сая гаруй хүн аж төрдөг юм байна. Туркийн эрх баригчид Сирийн энэ бүс нутагт байлдааны ажиллагааг зогсоохыг Оросын талаас хүсэхээр төлөөлөгчөө Москваруу илгээхээр болжээ. Турк улс дүрвэгсдийг суурьшуулах тусгай бүс тогтоох үүднээс өнгөрсөн 10-р сард Сирийн хойд нутагт цэргээ оруулсан ч тэдний хяналтад байгаа бүс нутгаас Сирийн 1сая гаруй дүрвэгчийг нүүлгэн шилжүүлэхэд олон улсын дэмжлэг дутмаг байгаа юм байна. Иймд турк улс зорилтдоо хүрэхийн тулд олон улсаас дэмжлэг авахыг эрмэлзэж байна. Туркийн тал өнгөрсөн 10-р сараас хойш Сирийн Идлиб мужаас 250 гаруй мянган дүрвэгч хил давж орж ирсэн гэж мэдээлж байна.

Харин Орос, Сирийн засгийн газар Идлиб мужийн энгийн иргэдийн аюулгүй байдалд ноцтойгоор халдаагүй, зөвхөн алан хядагчдын орогнож байгаа газруудад цохилт өгч, тэдний орчинд л байлдааны ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн юм байна. Өнөөдрийн байдлаар Турк улсад 5 сая дүрвэгч орогнож байгаагийн 3,7 сая нь Сирийн дүрвэгч юм байна. Энэ нь дэлхий дээр хамгийн олон дүрвэгч нэг дор цугласанд тооцогдож байгаа юм. Дүрвэгчдийг орогнуулах зардалд Турк улс 40 тэрбум доллар зарцуулжээ.
| БНТУ Сирийн дүрвэгчдийн шинэ урсгалыг барьж дийлэхгүй нь гэдгээ Европт анхаарууллаа | ||
| Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.