![](/uploads/201403/news/thumb/ee92b42f5ed33c4962b3ba0273d70b39_x3.jpg)
Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалтад зориулсан төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг Эрүүл мэндийн яам болон “Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-аас өчигдөр зохион байгууллаа.
Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулганыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудын санаа бодлыг сонсож зөвлөлдөх, чуулга уулзалтад оролцох тэдний оролцоог тодорхойлох, дээрх чуулга уулзалтаас батлагдан гарах “Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тунхаг” бичгийн төслийн талаар санал авах асуудлаар тус уулзалтыг зохион байгуулсан байна.
Тус уулзалтад оролцсон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн шаардлагатай ажил гэдгийг онцлоод, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг боловч хөрөнгө мөнгө болон бусад дэмжлэг, туслалцаа дутмаг байдгаас төдийлөн цар хүрээгээ тэлэх боломж сул байдгийг хэлж байсан юм. Мөн иргэдэд хүргэх эрүүл мэндийн мэдээлэл дутмаг байгаа тухай зарим төрийн бус байгууллагаас онцлож байсан ба мэдээлэл, харилцаа, холбоо хөгжиж байгаа өнөө үед хүмүүсийн эрүүл амьдралын дадал, хэвшлийг бий болгох сурталчилгаа, богино хэмжээний шторк, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах нь илүү үр нөлөөтэй гэдгийг хэлж байлаа.
Уулзалтаар хэлэлцэж батласан энэхүү “ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУНХАГ” нь иргэдийн өөрсдийнх нь санаачилгаар боловсрогдож, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн санал, дүгнэлтийг авсан, Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан баримт бичиг болох ажээ.
Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцлоо | ||
Үзсэн: 1494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.