
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, “Чингис хаан”одонт, улсын заан Найдангийн Түвшинбаяр саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө залуу тамирчид болон иргэдэд эерэг ойлголт өгөхөөр зүйл хэлжээ.
Иймд доорх байдлаар оруулж, уншигч танаа хүргэе.
“Энэ удаагийн олимпын наадам Япон Улсад болох учир газар зүйн байрлалын хувьд манай улстай ойрхон, цагийн зөрүү багатай байна. Үүнээс үзэхэд Монгол хүн бие организм, ажиллах чадварын хувьд давуу байх бүрэн боломжтой. Тиймээс үлдсэн таван сарын хугацаанд хичээх юм бол олон зүйлийг олж авч чадна. Өөртөө итгэлтэй байх учиртай. Аливаа зүйлд санаа сэтгэлээ чилээхгүй байх хэрэгтэй. Ямар ч төрөлд оролцсон амжилт гаргаж медальд хүрье гэж зорьж байгаа тамирчин жижиг сажиг асуудалд энергиэ зарж цалгардуулж болохгүй. Хэтэрхий их хичээж, сэтгэл санааны дарамт стресст орохгүй байхыг хичээгээрэй гэж залуу тамирчиддаа хэлье. Энэ бүхнийг би зүгээр ч нэг хэлсэнгүй. Өөрийн алдаанд тулгуурлаж хэлж байгаа юм. 2008 оны Бээжингийн олимпод би учраа ч мэдэхгүй дөнгөж 24 настайдаа оролцсон. Тэр үед ядарч зүдрэхийг огт мэддэггүй байлаа. 2012 оны олимпод дотроо их юм бодчихсон, тэндээс алтан медаль авах ёстой, өмнөх амжилтаа давтахгүй бол би хэн ч биш гэсэн ойлголттой очсон. Гэтэл энэ даваа маш хатуу болохыг мэдэрсэн. 2016 оны олимпод оролцохдоо ямар алдаа гаргав, юу мэдэж авав гэвэл би бусдаас нэг дахин илүү хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон. Хэтэрхий их бэлтгэл хийж, өөрийгөө стресст оруулж болохгүйг мэдсэн. Хүний бие организм амрах цагтаа амарч, ажиллах цагтаа ажилладаг учраас зохицуулах ёстой.
Зөвхөн тамирчин гэлтгүй бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст ч энэ маш чухал. Амралт, ажил хоёрын нэг нь хэтэрвэл амжилт бүтээл бага гарна. Тэгэхээр хүн өдөр болгон би үүнийг хийчихвэл мундаг болно, тэрийг хийвэл тийм болно гэхээс илүү өөрийн орчин тойрон дахь жижигхэн зүйлээс амжилт ирдгийг ухаарах хэрэгтэй. Нэг л жижигхэн зүйлийг зөв хийгээд байвал амжилт ирэх магадлал нь их. Өөрөөр хэлбэл, зөв хэвшил гэдэг зүйл орчин үеийн залууст маш хэрэгтэй. Үүнийг хэвшүүлчихвэл ихийг сурч мэдэх, чадах боломжтой. Жижиг зүйлээс эхлэн хичээж байж том амжилт ирдэг.
Түүнээс биш өнөөдөр залхуурч хэвтэж байгаад маргааш нь гэнэт хөдөлгөөнтэй сэргэлэн болчихгүй. Өдөр бүрийн давтамж, зуршил болгосон цагт амжилт ирнэ. Ард түмэндээ хандаж хэлэхэд нийтээрээ нэг сэтгэлээр тамирчдаа дэмжээрэй. Бид хамтдаа байгаа цагт бүхнийг чадна” гэжээ.
Н.Түвшинбаяр: Амралт, ажил хоёрын нэг нь хэтэрвэл амжилт бүтээл бага гарна | ||
Үзсэн: 3549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.