Шууд Chart

Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах үйл явц эрс буурч байна

2020-04-21 11:34:02

Уушгины шинэ төрлийн коронавирус буюу “COVID-19” цар тахлын нөлөөгөөр олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах буюу “initial public offering” хийх явдал эрс буурч байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар олон улсын зах зээлд “IPO” гаргасан компанийн тоо сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойш болж буй хамгийн бага үзүүлэлт болж байна.

Энэ нөхцөл байдал дөрөвдүгээр сард улам муудна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд энэ сард Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлж “IPO” гаргахаар төлөвлөж байсан аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь захиалгаа цуцалсан байна.

Олон улсын аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг “Ernst and Young” компанийн хийсэн судалгаагаар энэ оны нэгдүгээр сард хувьцааны үнэ өнгөрсөн оны мөн үеэс өсөх хандлагатай байсан боловч “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, “IPO”гаргах хүсэлтээ цуцлах компаниудын тоо эрс нэмэгдсэн байна. АНУ-ын хөрөнгө оруулалттай “Renaissance capital group”-ын мэдээлж буйгаар АНУ-ын хамгийн том энтертайнмэнт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Warner Music” компани болон гутлын бренд “Cole Haan” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хувьцаа гаргахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ажээ.

Япон Улсын хувьд дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар энэ сард Токиогийн хөрөнгийн биржид хувьцаа гаргах захиалга өгсөн 16 компаниас 14 нь цар тахалын нөхцөл байдалтай холбогдуулан “IPO” гаргахаа цуцалсан байна. “Ernst and Young” компанийн судалгаагаар цаашид ч мөн “IPO” хийх компаниудын тоо буурч, түүхэндээ хамгийн доод түвшинд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Үүнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын байдлаар дэлхий даяар “IPO” гаргах замаар хөрөнгө босгосон нийт үнийн дүн 7.1 тэрбум болсон бөгөөд энэ нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна.

Түүнчлэн хөрөнгө оруулагчид өмнөх хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг авч чадахгүй байгаатай холбогдуулан шинээр хөрөнгө оруулалт хийх боломж хомс байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдаж байна.

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ 


Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах үйл явц эрс буурч байна  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй