Шууд Chart

Э.Оюунболдыг асуудлыг наадмын дараа шийдвэрлэнэ

2020-07-03 10:05:01

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зургаадугаар сарын 17-нд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд, Э.Оюунболдын цол, чимгийг хураах шийдвэр гаргаж, түүнийг 2019 оны үндэсний их баяр наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзсэн билээ.

Хуулийн дагуу бөхчүүдийн допингтой холбоотой маргаан, тэдний цолыг хураах эсэх асуудалд эцсийн цэгийг Ерөнхийлөгч тавьдаг. Тиймээс баяр наадам болохоос өмнө Шүүхийн шийдвэр, Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан Э.Оюунболдын цол хурааж, барилдах эрхийг хасах эсэх эцсийн шийдвэр албажин гарах болов уу гэсэн хүлээлт наадамчин олонд бий.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын өмнө Э.Оюунболдын цолыг хураах зарлиг буулгахгүй байхаар шийджээ. Нэг үгээр бол гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэгдтэл, эсвэл Э.Оюунболд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүйгээр шийдсэн тохиолдолд нэг мөр зарлиг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Харин наадамд барилдуулахгүй байх, барилдах эрхийг хасах, хязгаарлах зэрэг нь Баяр наадмын зохион байгуулах хороо, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны эрх, үүргийн хэмжээнд шийдэх асуудал тул МҮБХ допингийн асуудалд нэр холбогдсон аваргыг энэ жилийн үндэсний их баяр наадам, бусад заал, танхимын барилдаанд барилдуулахгүй гэсэн байр суурь барьж байгаа хэвээр байгаа аж. Тэгэхээр Ерөнхийлөгч аварга цолыг нь хураах, өнгөрсөн жилийн наадамд түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг ахиулах зарлиг гаргахгүй болохоор энэ жилийн наадамд тэдгээр “хохирогч” болоод байгаа бөхчүүд өмнөх цол, чимэгтэйгээ зодоглох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Оюунболдыг асуудлыг наадмын дараа шийдвэрлэнэ   
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй