Шууд Chart

МЧБХ-ны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх

2020-08-07 15:04:55

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Пунцагийн Гансүх өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас тус холбооны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч болсон билээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр мөн ажилладаг юм.

П.Гансүх нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 1990 онд Чингэлтэй дүүргийн 28 дугаар дунд сургуулийг төгсөж Худалдаа Үйлдвэрлэлийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсчээ.

2006-2008 онд АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуульд суралцаж тус их сургуулийг санхүү, бизнесийн удирдлага мэргэжлээр магистерийн зэрэгтэй төгссөн.

Тэрбээр “Голомт банк”, “Yes корпораци” зэрэг банк, санхүүгийн байгууллагад ажиллаж байгаад 2004 онд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ТАЙКУН” нэртэй компанийг үүсгэн байгуулж одоог хүртэл ерөнхий захирлаар нь ажиллаж байна.

П.Гансүх 1987 оноос Хүүхдийн соёл, сургалтын төвд чөлөөт бөхийн барилдаанаар анхлан хичээллэж эхэлсэн бөгөөд 1990 оноос чөлөөт бөхийн “Тулгат” клубт дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын удирдлаганд чөлөөт бөхийн тамирчин болсон юм. Тэрээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нээс хошой мөнгөн медаль хүртэж, 1992 оны “Монгол говь” олон улсын тэмцээний алтан медаль, 1991 оны Бээжингийн Олон улсын тэмцээний мөнгөн медаль, Хөх хотын Олон улсын тэмцээний мөнгөн медаль тус тус хүртэж байсан 90-ээд оны Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг юм. П.Гансүх чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой.

2015 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2018 оны чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, 2018 оны Азийн тоглолтын чөлөөт бөхийн Монголын багын ахлагчаар амжилттай ажилласан Монголын чөлөөт бөхийн зүтгэлтэнгүүдийн нэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МЧБХ-ны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй