
Дөрвөн жилийн өмнө энэ өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа "Рио-2016" зуны олимпийн XXXI наадмаас мөнгөн медаль хүртэж байв.
Тэрхүү медаль нь манай улсын эмэгтэй жүдо бөхийн түүхэнд олимпийн анхны медаль гэдгээрээ түүхэнд бичигдэхээр болж, Монгол бүсгүйчүүд дэлхий дахинд ямархуу байр суурьтай явааг харуулсан үйл явдал болсон юм.
Рио-д жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд газар газраас олимпийн эрхээ авсан 22 шилдэг жүдоч чуулсан бөгөөд Увс аймгийн Баруунтуруу сумын харьяат Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Нидерландийн Санне Верхагентэй оноолт таарч, торгуулиар ялж, шигшээ наймд үлдсэн юм.
Улмаар Португалийн Телма Монтейротой учраа таарч, хоёр жүдочийн аль аль үнэлгээ авалгүй цаг сунган барилдсаны эцэст мөн л торгуулиар ялалт байгуулсан юм.
Харин хагас шигшээд олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх, “Чоно” хочит Каори Мацүмотог тэмцээний 22 секундэд цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан.
Харамсалтайн финалд нутгийн орны бөх, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Рафаела Силвад вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртсэн билээ.
Хэдийгээр Рио-д алтан медаль зүүх гэсэн мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч дараа жил нь Унгарын нийслэл Бухарест хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дөрвөн жилийн өмнөх энэ өдөр олимпоос медаль хүртэж байв | ||
Үзсэн: 3256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.