
2006 оны төгсгөлд олимпын хороонд Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид цуглаж чууллаа. Хурлын танхимд дүүрэн хүн байв. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Mөнхбат агсан босч үг хэлэхээр боллоо. Микрофон барингаа тайз руу гарч зогсоход заал нам гүм боллоо. Аварга бүгдэд мэнд мэдээд саяхан болж өнгөрсөн ДАШТ-ий тухай ярианд шууд орлоо. Тэрээр “Б.Hаранбаатар бос чи” гэж байгаад загнаж гарав. “Чам шиг ийм бөхийг би хараа ч үгүй юм байна. Хүний хөл даахгүй, барилдаан муу байж яаж цааш явах юм бэ. Бүтэхгүйн байна, барилдахаа боль” гэх мэт нэлээн хатуу үг хэлж байгаад буулаа. Би ч шар царайтайг хэлэх үү нүүр улалзаад, доошоо хараад л зогсоод байлаа. Дараа нь дархан аварга Х.Баянмөнх гуайн үг хэлэх ээлж ирлээ. Тэрбээр “Би энэ Б.Наранбаатар шиг арчаагүй хүүхэд үзээгүй. Яаж барилдаг юм энэ одоо. Өмнөөс чинь түмэн амьтны өмнө ичлээ” гэх зэрэг мөн л нэлээн хатуу үг хэлж байгаад буулаа.
Баярын хурлын уур амьсгал ч эвдэгдэж хоёр домогтоо сайн гэгч нь цоллуулчихаад харих замдаа өөртөө нэг л юм амлав.
“Хүмүүс надад итгэж хүлээдэг болж дээ. Гэтэл миний байж байгаа царай энэ. За яах вэ, би нэг л өдөр аваргууддаа хэлэх үгтэй ирнэ дээ” гэж шүд зуув.
Үнэндээ ч 2006 онд дэвжээ арчих шиг л болсон л доо. Шинэхэн гавьяат бэлтгэлээ сааруулж, энд тэнд очиж явсны хэрэг нь мандаж гороо амсаад хий нь гарсан дугуй шиг болтлоо унтарсан үе байсан юм.
Гэхдээ тэдгээр хоёр аваргын зэмлэл надад ташуур болж хурцалсан даа. Мөн хэр их юм ойлгох толгой вэ гэдгийг шалгасан хэрэг байлаа. 2007 оны дэлхийн финалд барилдаж ирээд аваргуудтайгаа уулзахдаа “Та нартаа маш их баярлалаа. Тэр өдөр намайг сайн гэгч нь загнаж, шар малтаагүй бол хожигдолтойгоо эвлэрээд өөрийгөө өмөөрч суух байлаа шүү дээ дүү нь” гэж хэллээ.
Харин тэд “За болж. Ухаан гаргаж бодсон байна, сайн барилдаарай” гэсэн урмын үгтэй эх орон руугаа буцаж ирж билээ.
Б.Наранбаатар: Xоёр домогт зэмлүүлсэн баярын хурал | ||
Үзсэн: 2465 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.