Шууд Chart

Суга Ёшихидэг Ерөнхий сайдаар сонгох эсэх асуудлаар Японы парламент санал хураана

2020-09-15 10:34:26

Өнгөрч буй даваа гараг Японы улс төрд чухал үйл явдал өрнөсөн  өдөр байлаа. Тус улсын засгийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын даргын төлөөх сонгууль явагдаад байна. Энэхүү дотоод сонгуульд нэр дэвшигч Суга Ёшихидэ ялалт байгуулснаар Либерал Ардчилсан намын даргаар сонгогдож, цаашлаад  Японы  шинэ ерөнхий сайд болох нь тодорхой боллоо. 

Тодруулбал, Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ нийт 535 сонгогчоос 377 саналыг дэмжлэгийг авснаар ялалт байгуулсан байна. Тус сонгуульд  Либерал Ардчилсан намаас парламентад сонгогдсон  хууль тогтоогчид болон 47 мужийн тус бүрээс ирсэн 3 төлөөлөгч санал өгсөн юм. Сонгуулийн үр дүн өнөөдөр үдээс хойш тодорхой болж, ялагч тодорчээ.

Либерал ардчилсан намын даргын төлөөх сонгуульд Сугагаас гадна тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ишиба Шигэрү, намын бодлогыг хариуцдаг Кишида Фүмио нар өрсөлдсөн юм. Тэд 157 саналыг хуваан авчээ. Японы түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдын албыг хашиж байгаа Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрохоор болоод байгаа. Тэгвэл Суга Либерал Ардчилсан намын даргаар  сонгогдож, Абэгийн улс төрийн бодлого, үйл хэргийг үргэлжлүүлэхээр болж байна. Тэрээр Абэгийн баруун гар гэж хэвлэлүүд цоллож байсан билээ.

Шинээр сонгогдсон Либерал ардчилсан намын дарга Суга Ёшихидэ, "Улс орон маань цар тахлын аюулд өртөөд байгаа цаг үед бид улс төрийн хямралд орж болохгүй. Бид хамтдаа энэ сорилтыг даван гарах ёстой. Японы иргэн бүрийн аюулгүй, амар тайван байдлыг хангахын талд миний бие ерөнхий сайд Абэгийн үйл хэргийг үргэлжлүүлж, цаашид ахиц дэвшил гаргах болно.  Энэ нь надад оногдож үүрэг юм." хэмээн хэлсэн байна.

Харин Японы Ерөнхий сайд  Абэ Шинзо, "Өнөөдөр би Либерал Ардчилсан даргын  албан үүргээ шинэ ерөнхий сайд  Сугад шилжүүлнэ. Өнгөрсөн 7 жил, 8  сарын туршид  Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн даргаар ажиллахдаа Суга улс эх орныхоо төлөө шаргуу, тууштай ажиллаж ирсэн юм." хэмээн мэдэгджээ.

Либерал Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Суга Ёшихидэг ирэх лхагва гарагт Японы парламент түүнийг ерөнхий сайдаар сонгох эсэх асуудлаар санал хураалт явуулна. Либерал Ардчилсан нам парламентад олонхийг бүрдүүлэгч учраас Суга Ёшихидэг ерөнхий сайдаар ажиллуулахыг дэмжих нь нэгэнт тодорхой байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суга Ёшихидэг Ерөнхий сайдаар сонгох эсэх асуудлаар Японы парламент санал хураана   
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй