Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын төрийн албан тушаалтныг буудан хөнөөсөн хэрэг гараад байна. Сөүлийн зүгээс Умард Солонгосын талын энэхүү үйлдлийг хүчтэй зэмлэн буруушаж, Пхеньянаас тайлбар шаардаж эхлээд байна.
Өмнөд Солонгосын Засагчлалын яамны албаны хүн Умард Солонгосын хилээс 10 км-ийн зайд байрлах, Ёнпхёндо арлын ойролцоо усан завьтай эргүүлд явж байгаад ор сураггүй болоод байсан юм. Тэгвэл Умард Солонгосын цэргүүд түүнийг будан хөнөөсний дараа цогсыг шатаасан болох нь хэд хэдэн тагнуулын мэдээллээр батлагдаад байгаа талаар Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах яамнаас мэдээлээд байна.
Пхеньяны зүгээс энэхүү хэрэг явдлын талаар тодорхой хариу тайлбар өгөөгүй байгаа юм. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам буруутай эдгээдүүдэд хариуцлага тооцохыг Умард Солонгосын эрх баригчдад уриалжээ. Умардын Солонгосын эрх баригчид коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс хил зөрчигчийг шууд буудан хөнөөх үүрэг даалгаварыг цэргүүддээ өгөөд байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа юм. Энэхүү чанга хатуу бодлоготой холбоотойгоор хоёр улсын далайн хилийн ойролцоо эргүүл хийж явсан Өмнөд Солонгосын албаны хүнийг Умардын цэргүүд буудан хөнөөсөн байх магадлалтай гэж үзэж байна.

Умард Солонгосчууд “Хөдөлмөрийн нам” үүсэн байгуулагдасны 75 жилийн ойг 10 дугаар сарын 10-нд тэмдэглэх юм. Энэхүү баярын үеэр “COVID-19” тархах магадлалтай учраас хилээр хууль бус дүрвэгчдийг нэвтрүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг Умард Солонгос авч байгааг ажиглагчид онцолжээ. Цар тахлаас сэргийлэх үүднээс Пхеньян гол холбоотон болох Хятадтай залгаа хилээ ч хаагаад байгаа юм.
Ер нь Өмнөд Солонгосын иргэн Умардын Солонгосын цэргүүдийн гарт амиа алдаж буй анхны тохиолдол энэ биш юм. 2008 онд Кымгансан ууланд аялаж байсан Өмнөд Солонгосын нэгэн жуулчинг Умард Солонгосын цэрэг будаан хөнөөсөн хэрэг мөн гарч байжээ.
| Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын албаны хүнийг буудан хөнөөжээ | ||
| Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.