Шууд Chart

ЦАГААН ОРДОН: АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын биеийн байдал сайн байгаа

2020-10-03 10:20:45

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Мелания Трамп нар коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож, ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар тусгаарлалтанд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ерөнхийлөгч Трампын туслахуудын нэг Хоуп Хиксээс коронавирусний халдвар илэрсний дараа ерөнхийлөгч болон тэргүүн нар коронавирусний шинжилгээ өгчээ. Ерөнхийлөгч халдвар авсан нь сонгууль дөхсөн үед тааруу мэдээ. Гэхдээ Трампын эмч Шон Конлэйн мэдэгдсэнээр Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн биеийн байдал сайн байгаа, Трамп ерөнхийлөгч эмчилгээний явцад ажил үүргээ тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлэх аж.

Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар Цагаан ордонд гэртээ тусгаарлагдаж байгаа, тэднийг АНУ-ын хамгийн шилдэг эмч нар эмчлэх болно гэж Ерөнхийлөгчийн эмч Шон Конлэй мэдэгдсэн байна. Трамп "Өөрийнх нь болон тэргүүн хатагтайн шинжилгээний хариу эерэг гарлаа, бид тусгаарлалтад байна, хурдан эдгэрэх болно. Бид энэ үеийг хамтдаа давах болно" гэж твитер хуудсандаа мэдэгдсэн юм.

Цагаан ордны тэргүүний зөвлөхөөр ажилладаг Хоуп Хиксийн хувьд сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа хамт аялсан юм байна.

Тухайлбал, энэ 7 хоногийн эхээр болсон АНУ-ын ерөнхийлөгчийн  анхны халз мэтгэлцээнд оролцохоор Трамп ерөнхийлөгчтэй хамт түүний нисэх онгоцоор Охайо муж руу ниссэн байна. ингэхдээ ерөнхийлөгчийн хэд хэдэн туслах, зөвлөхүүдтэй хамт явсны дотор ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер байсан байна.

Сүүлийн өдрүүдэд мэтгэлцээн болон сонгуулийн сурталчилгаанд ерөнхийлөгчтэй хамт түүний онгоцоор явахдаа туслах Хикс болон бусад зөвлөх, туслахуудын нэг нь ч амны хаалт зүүгээгүй байсныг хэвлэлүүд гэрэл зургаар харуулжээ. Америкийн зарим хэвлэлд, "Ерөнхийлөгч 14 хоногийн тусгаарлалтад  орсон болов уу. эхний ээлжид энэ сарын 15-нд Флоридод болох нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээний хуваарьт өөрчлөлт орж магадгүй. Трампын биед халдварын шинж тэмдэг хүндээр илэрвэл  тэрээр сонгуулийн кампанит ажлаа түр зогсоож, тодорхойгүй хугацаагаар цагаан ордонд тусгаарлагдах болно. Хэрэв өвчин хүндэрвэл сонгуулийн санал хураалтыг ч товлосноор 11 дүгээр сарын 3-нд явуулах эсэх ч эргэлзээтэй. Гэхдээ цагаан ордны эмчийн албан ёсны мэдээлэл бүх таамгийн хариуг өгөх байх. Трамп ерөнхийлөгчийн биеийн байдал л бүх зүйлийн хариулт болно" гэсэн өнцгөөс харж мэдээлж байна.

Зарим нь 74 настай Ерөнхийлөгч Трамп улс орон даяар нь 200 гаруй мянган хүн амь насаа алдсан цар тахлын үед өөрийгөө хэтэрхий эрсдэлтэй нөхцөл байдалд байлгаж, эрдэмтдийн судалгааг үл ойшоож байсан хэмээн шүүмжилж байгаа юм. Тэрбээр сүүлийн саруудад олон нийтийн газар амны хаалт зүүхээс ихэнхдээ татгалзаж, зарим тохиолдолд л амны хаалт зүүж байсан нь багагүй шүүмжлэл дагуулсан.

Энэ мэдээ дэлхийн эдийн засагт нөлөөлөл үзүүлж байна. Тухайлбал, Трамп ерөнхийлөгч халдвар авснаа твиттерээрээ мэдэгдсэний дараахан Америк, Ази, Европын гол гол биржүүд дээр хувьцааны ханш уналаа. Мөн брент маркийн газрын тос 3,7 хувь, зэс 1,9 хувиар тус тус ханш нь унасан бол алтны ханш 0,4 хувиар чангарсан тухай Блумберг агентлаг мэдээлжээ. Хэдийгээр хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Өмнө нь дэлхийн хэд хэдэн удирдагч Коронавирусний халдвар авч байсан.

Тухайлбал Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонару, Монакогийн хунтайж Альберт нар халдвар авсан ч богино хугацаанд эдгэрсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЦАГААН ОРДОН: АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын биеийн байдал сайн байгаа   
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй