ОХУ, АНУ болон Франц улс Уулын Карабахын бүс нутагт гал зогсоохыг Армен, Азербайжанд уриаллаа. Орос, Америк, Францын төрийн тэргүүн нар маргаантай газар нутагт болж байгаа байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Энэ гурван улс Уулын Карабахын бүс нутагт олон жил үргэлжилж байгаа маргаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн орнууд юм. Одоо зөрчилдөгч хоёр тал ямар нэг нөхцөл тавихгүйгээр, яриа хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэйг уг хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган холбоотон Азербайжаныг бүх талаар дэмжиж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тэрээр Орос, Америк, Франц гурав 30 гаруй жил сунжирсан маргааныг үл ойшоож байна, тэд зүгээр л гал зогсоох арга зам эрэлхийлнэ гэдэг хүлээн зөвшөөрөх аргагүй явдал гэж мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт Азербайжан, Армены зэвсэгт хүчнийхэн Уулын Карабахад гал нээснээс хойш 130 гаруй хүн амь насаа алдсан ч зэвсэгт тэмцэл үргэлжилж байгаа юм байна. ЗХУ задарснаас хойш Уулын Карабахыг хэн эзэмших вэ гэдэг газар нутгийн маргаан сүүлийн 30 жил үргэлжилж байна. Уулын Карабах нь Азербайжаны газар нутагт оршдог боловч тус бүсийн хүн амыг уугуул Арменчууд бүрдүүлдэг юм.

| ОХУ, АНУ, Франц улсууд Уулын Карабахад гал зогсоохыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргав | ||
| Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.