Шууд Chart

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 35 сая 400 мянгыг давлаа

2020-10-06 10:00:57

Дэлхийн хэмжээнд  "COVID-19"-ийн халдвар авсан хүний тоо сүүлийн мэдээгээр 35 сая 400 мянгыг даваад байгаа бол нас баралт сая 42  мянгад  хүрч  байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 26 сая 620 саяд хүрлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 249  мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн  бол нас баралт 4 мянгаар  нэмэгджээ. Хүн амынх нь дунд халдвар ихээр тархаж байгаа улс орнуудад даваа гарагаас хорио цээрийн шинэ дэглэмүүдийг хэрэгжүүлж эхэлж байна.

ОХУ-д  өнгөрсөн  24 цагийн  хугацаанд  халдварын 10499  шинэ  тохиолдол  бүртгэгдсэний ихэнх нь Москвагийн оршин суугчид  байна. Москвад ийнхүү халдварын тархалт  нэмэгдэж байгаатай холбоотойгоор өчигдрөөс ирэх 18-ны өдөр хүртэл ЕБС-иудын  улирлын амралтыг  эхлүүллээ. Энэ  хугацаанд  алсын  зайны  сургалт  зохион байгуулахгүй аж.  Үүний зэрэгцээ Москвагийн аж нэгж байгууллагуудад нийт ажилтнуудынхаа  30 хувийг  өнөөдрөөс эхлэн гэрээс нь ажиллуулахыг  үүрэг  болгоод  байгаа гэнэ.

Чехид өнгөрсөн ням гарагийн шөнөөс эхлэн үндэсний хэмжээнд  зарласан онц байдлын дэглэм хэрэгжиж эхэллээ.  Ерөнхий сайд Андрей  Бабишийн засгийн газраас  шинэ  коронавирусний халдвар хүн амынх нь дунд  ихээр тархаж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Онц байдлын  дэглэм зарласнаар иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах, парламенттай зөвшилцөлгүйгээр шуурхай арга хэмжээ авах эрхийг  эрх  баригчдад  олгох юм.

Мөн Францын нийслэл Парис болон дагуул хотуудыг нь онц  аюултай  бүс  хэмээн зарлаад  байна. Үүнтэй  холбоотойгоор Парис хотын  захирагч хорио цээрийн  шинэ  дэглэмүүдийг 15  хоногийн хугацаатайгаар хэрэгжүүлж  эхлэхээ энэ даваа гарагт зарлав.

Хоногт  хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа  Энэтхэг улсын  Дели тойргийн эрх баригчид энэ сарыг дуустал боловсролын бүх  байгууллагын  хичээлийг эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.  Уг нь төв засгийн газраас энэ сарын  15-нд  Ерөнхий боловсролын  сургуулиуд,  коллежийн хичээлийг эхлүүлэхийг зөвшөөрөөд  байсан юм. Харин  халдварын нөхцөл байдал  хүндэрч  байгаатай  холбоотойгоор муж тойргийн эрх баригчдад  бие даан шийдвэр  гаргах эрхийг  олгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 35 сая 400 мянгыг давлаа  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй