Коронавирусний халдвар авсан нь батлагдсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгээс гарч, Цагаан ордонд ирж магадгүй байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн эмч нарын багийн албан ёсны төлөөлөгч Брайан Гарибальди мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, Ерөнхийлөгч Трампад туршилтын ремдесивир тарилгын 2 дахь тунг хийсэн ч одоогоор ямар нэгэн гаж нөлөө илрээгүй түүний биеийн байдал сайн байгаа талаар мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Трампын бие сайжирч байгаа тухай түүнийг эмчлэгч эмч Шон Конли мөн хэвлэлийн бага хурлын үеэр мөн мэдэгдсэн юм. Харин ерөнхийлөгч Трамп Уолтер Ридийн нэрэмжит эмнэлгийн гадна цугласан олонд талархаж буйгаа илэрхийлэхийн тулд өчигдөр эмнэлгээс түр гарсан байна. Тэрбээр хуягт автомашинтайгаа гудамжаар явж дэмжихээр цугласан олонтой гар даллан мэндчилжээ.

Цагаан ордныхон эмч нарын зөвшөөрөлтэйгөөр ийм алхам хийсэн гэж мэдэгдэж байгаа ч буруушаан шүүмжлэгчид цөөнгүй гарч байна. Конгресс дахь Ардчилсан намын олонхийн бүлгийн гишүүн Хаким Жеффрис тэргүүтэй төлөөлөгчид "COVID-19" вирусний халдвараас болж Америкийн 205 мянган иргэн нас барчихаад байгааг сануулж, бидэнд жинхэнэ удирдагч хэрэгтэй болохоос фото зураг авалт шаардлагагүй хэмээн шүүмжилжээ.
/cloudfront-us-east-1.images.arcpublishing.com/tronc/5ICNS26C6BCZBPF4HNCAU7KR5U.jpg)
Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгчийн багийнхны "COVID-19"-ийн давтан шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, дэд Ерөнхийлөгч Майк Пенс, түүний гэргий Карен нарын давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Үүний өмнө Ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд найрамдах намаас Сенатад сонгогдсон 3 гишүүн, тус намын үндэсний хороон дарга Ронн Макдэниель, Ерөнхийлөгчийн сонгуулийн менежер, Цагаан ордны 3 сэтгүүлч "COVID-19"-ийн халдвар авсан нь батлагдсан юм.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ерөнхийлөгчийн засаг захиргаа бүхий л нөхцөл байдалд тэр дундаа үүссэн нөхцөл байдлыг гадны дайсагнагчид ямар нэгэн байдлаар ашиглахыг завдсан ч хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг онцлон мэдэгдлээ.

Тэрбээр, "Бид нөхцөл байдал яаж ч эргэсэн байсан бүрэн бэлэн байдалд байгаа. Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн багийнхантайгаа цахим уулзалт ч хийсэн. Дайсагнагч улсууд бий гэдгийг бид бүгд л мэдэж байгаа. Гэхдээ АНУ, Төрийн департамент, манай дипломатууд бүгд бэлэн байдалд байгаа. Би зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн генерал Миллитэй ч энэ тухай өнөөдөр ярилцсан" гэв.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Японыг зорихоосоо өмнө ийнхүү мэдэгдсэн юм. Түүний Япон дахь айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа юм. Харин тэрбээр БНСУ-ын гадаад хэргийн сайдтай утсаар ярьж зайлшгүй шалтгааны улмаас тус улсад хийх айлчлалаа хойшлуулахаар болсноо тайлбарласан. Ерөнхийлөгч Трамп тэргүүн хатагтайн хамтаар "COVID-19"-ийн халдвар авсан нь батлагдсаны дараа Төрийн нарийн бичгийн дарга БНСУ, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулахаар болсныг зарласан билээ.


| Ерөнхийлөгч Трамп эмнэлгээс гарч магадгүй байна | ||
| Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.