Шууд Chart

Азербайжаны суурингуудад цохилт өгсөн гэдэг мэдээллийг Арменийн тал няцааж байна

2020-10-06 10:45:55

Азербайжаны  суурингуудад Арменийн нутаг дэвсгэрээс агаарын цохилт хийсэн гэдэг нь хуурамч мэдээлэл хэмээн Арменийн гадаад хэргийн яамнаас мэдэгдээд  байна. Түүнчлэн тус яамнаас Азербайжаны тал ийм худал мэдээлэл тарааж, дайн хийх газар нутгаа өргөжүүлэх үндэс сууриа л бэлтгэж   байна хэмээн үзэж  байгаа гэв.

Үүний зэрэгцээ Азербайжаны  тал  дайны эхний өдрүүдэд  Уулын Карабахын томоохон хот суурингууд руу  хүчтэй галласнаас болж  энгийн  иргэд  олноороо хохирч, иргэний  дэд  бүтцийг ихээхэн сүйрүүлснээ нууц  далдлах  гэсэн  зорилгоор ийм худал мэдээлэл тарааж байна хэмээн буруутгав. Мөн Арменийн зүгээс Азербайжаны өдөөн хатгалга бүрт тохирсон хариу барих болно гэдгийг дахин анхааруулсан байна. Үүний өмнө  Азербайжаны  Ерөнхийлөгчийн туслах Хикмат  Хажиев Армянийн арми тус улсын томоохон хотуудад  цохилт өгснийг  мэдэгдсэн юм.

Тэрбээр, "Өнөөдөр Арменийн  армийн цэргүүд  манай улсын  томоохон  хот болох Ганжа,  Физули,  Билаган, Тартар  хот болон  бусад  суурингуудад   хүнд  их буу, пуужингууд  тэр дундаа  Смерч, Точка Ю пуужингууд ашиглан цохилт хийгээд байна. Мөн Арменийн армийнхан олон улсын  конвенцоор хориглосон хуурцагт бөмбөг  ашиглаж Азербайжаны  хотууд руу халдаж  байна." гэв.

Түүнчлэн  тус улсын  Ерөнхий прокурорын газраас  Карабах дахь зэвсэгт мөргөлдөөний улмаас  24 иргэн  амиа алдаж, 121 хүн гэмтэж шархадсаныг  мэдээлжээ. Өчигдөр Азербайжаны  Ерөнхийлөгч  Илхам Алиев  ард түмэндээ  хандаж телевизээр  мэдэгдэл хийхдээ тус улс  яриа хэлэлцээний  замаар  энэ зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахын төлөө байгааг мэдэгдсэн. Мөн Арменийн тал Уулын Карабахаас цэргээ  гаргах урьдчилсан нөхцлийг дагаж  мөрдвөл гал зогсооход  бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Арменийн Ерөнхийлөгч Пашинян, "Уулын Карабахын өнөөгийн хурцадмал байдал  хэд хэдэн шалтгааны улмаас олон улсын шинжтэй болоод байгааг сануулаад, юуны түрүүнд  Турк, Сириэс  террористуудыг элсүүлж энэ бүс  нутагт  авчирч  байна. 

Хоёрдугаарт  Туркийн арми  энэ үйл явцад  татагдан оролцож байна. Энэ нь Турк улсын эзэн гүрнээ сэргээх гэсэн империалист бодлогыг нь  гэрчилж  байна" хэмээн онцлон мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Азербайжаны суурингуудад цохилт өгсөн гэдэг мэдээллийг Арменийн тал няцааж байна  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй