Шууд Chart

Еврокомиссын тэргүүн ажиглан тусгаарлалтанд оржээ

2020-10-06 11:09:22

Еврокомиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен шинэ коронавирусний халдвар авсан хүнтэй ойр байсан нь батлагдсан учир ажиглан тусгаарлалтад оржээ. Тэрбээр энэ тухайгаа олон нийтийн сүлжээ Твиттер дэх  хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт "COVID-19"-ийн халдвар авсан хүнтэй уулзсан учир  зохих  журмын дагуу өөрийгөө тусгаарлаад  байгаагаа тэрбээр мэдэгджээ. Еврокомиссын тэргүүн өнгөрсөн пүрэв гарагт "COVID-19"-ийн шинжилгээ өгөхөд  сөрөг гарсан ч халдвар авсан хүнтэй уулзсан нь тодорхой болсон учир дахин шинжилгээ өгөөд байгаа юм байна. Бельгийн журмын  дагуу халдвар авсан хүнтэй ойр харьцсан хүмүүс 7 хоногийн туршид  тусгаарлалтад орох  ёстой юм.

Энэ хугацаанд 2 удаа "COVID-19"-ийн шинжилгээ өгөх ёстой юм байна. Европын холбооны удирдлагууд цар тахлын дэгдэлт их байгаатай холбоотойгоор 7 хоногт 1-2 удаа заавал коронавирусний шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Харин тус холбооны харьяа байгууллагуудын ажилтнуудын 70 хувь нь ажлаа цахимаар  хийх журамд хамрагдсан байгаа юм байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр Европын зөвлөлийн дарга Шарль Мишель "COVID-19"-ийн халдвар авсан хүнтэй харьцсан гэдэг шалтгаанаар мөн л  өөрийгөө тусгаарлаж  үүнээс нь бол тус холбооны  дээд уулзалтыг хойшлуулахад хүрч байсан билээ. Европын Холбооны төв  байр  байрладаг Бельги улсын ихэнх бүс нутагт өнгөрсөн 9 сарын дунд үеэс хөл  хорионы  хугацааг  14-өөс 7  хоног болгон  багасгаад байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомиссын тэргүүн ажиглан тусгаарлалтанд оржээ  
Үзсэн: 1309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй