Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн тооцоогоор дэлхийн дахины хэмжээнд “COVID-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 35 саяыг даваад байгаа юм. Тэгвэл ДЭМБ-ын зарим мэргэжилтэн олон улсын хэмжээнд халдвар авсан хүний бодит 35 саяаас хэд дахин илүү өндөр байх магадлалтай гэдгийг анхаарууллаа.
Тодруулбал, Дэлхийн 10 тутмын нэг нь коронавирусний халдвар тээгч болсон байж болзошгүй хэмээн тэд сэрэмжлүүлж байна. ДЭМБ-ийн зарим шинжээч олон улсын хэмжээнд халдвар авсан хүний бодит тоо 800 саяд хүрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Швейцарын Женев хотноо ДЭМБ-ын дарга нарын яаралтай чуулган болох үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцжээ.
Энэ үеэр ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Риан, "Олон улсын хэмжээнд тархалт харьцангуй эрс тэс байна. Зүүн Өмнөд Ази, Европ болон Газар дундын тэнгисийн зүүн бүсийн орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Африк, Номхон далайн баруун бүсэд одоогоор нөхцөл байдал нэлээд эерэг байгаа. Бидний тооцооллоор дэлхийн хүн амын 10 хувь вирусний халдварт өртөөд байж магадгүй юм." хэмээн хэлсэн байна.
Хятадын Ухань хотод “COVID-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 10 сар өнгөрөөд байна. Энэ хооронд цар тахал намжих бус харин өөр бүс нутаг уруу тархах, шинэ давлагаа эхлэх зэргээр улам бүр хүрээгээ тэлж байна. Тухайлбал, Европын орнуудаас Франц болон Испанид сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Францын нийслэлд өнөөдрөөс эхлэн бар цэнгээний газруудыг хаагаад байгаа бол Испанийн нийслэл Мадрид хотод мөн л хөл хориог сэргээгээд байна.
| Дэлхийн 10 тутмын нэг нь "COVID-19"-ын халдвар тээгч болсон байж болзошгүйг ДЭМБ-аас мэдээллээ | ||
| Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.