Шууд Chart

КЫРГЫЗСТАН: Дахин сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 600 орчим хүн бэртжээ

2020-10-07 09:57:01

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Кыргызстан улсад парламентын сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ сонгуулийг шударга бус явагдсан гэж үзэж буй сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж жагсагчид болон хамгаалалтын хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн үүсээд байна. Жагсагчид ням гарагийн сонгуулийг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.  Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бослого үймээний үеэр  600 орчим хүн бэртэж гэмтээд байгаагаас  гадна 1  хүн амь үрэгджээ.

Улс төрийн сөрөг хүчний зүгээс  ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков болон түүний холбоотнууд иргэдийн саналыг худалдан авсан гэж үзэж байна. Ням гарагийн парламентын сонгуульд нийт 16 улс төрийн хүчин оролцсоноос ердөө 4 нь л парламентын 7 хувийн босгыг давсан байна. Бусад намууд парламентад суудалтай болж чадаагүй юм.  Дээрх 4 намын 3  нь ерөнхийлөгч Жээнбековын холбоотнууд  юм. 

Ийнхүү луйврын сонгууль явагдсан гэж үзэж буй сөрөг хүчин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагчийг ашиглахад хүрчээ. Жагсагчид парламентын ордон уруу дайран орсон байна. Зарим иргэн парламентын ордон дахь ерөнхийлөгчийн албан өрөө рүү нэвтэрч, эд зүйлсийг эвдэж, бичиг баримтуудыг цонхоор нь гарган шидсэн үйл явдлууд ч өрнөсөн байна. Харин тус улсын ерөнхийлөгч дараах байр сууриа илэрхийлжээ.

Кыргызстан Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, "Эрхэм нөхдөө,  улс төрийн ашиг сонирхол бүхий бүлэглэл засгийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн оролдлого өнгөрсөн шөнө гарлаа. Тэд сонгуулиар шалтаг хийж нийтийн хэм журмыг ноцтой зөрчиж, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдууллаа.  Миний бие сонгуулийн санал хураалтын үеэр зөрчил гарсан эсэхийг  шалгах үүргийг Сонгуулийн Төв Хороонд өгөөд байгаа. Хэрэв шаардлагатай бол сонгуулийн  үр дүнг хүчингүй болгож  болно.   Дэмжигчдээ тайвшруулж, олон нийтийн газрыг чөлөөлөхийг улс төрийн намын удирдлагуудад уриалмаар байна." гэсэн байна.

Даваа гарагт Кыргызстан улсын сөрөг хүчний 12 нам сонгуулийн үр дүнг хүчингүй гэж үзэж буйгаа албан ёсоор зарласан байна. Энэ үйл явдлаас хойш төд удалгүй ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков мэдэгдэл хийж, сонгуульд  оролцсон бүх намын даргатай нартай уулзалтыг хийнэ гэдгээ илэрхийлжээ. Жагсагчид ерөнхийлөгчөө огцрохыг давхар шаардаж байгаа юм.  Бишкек хотод даваа гарагт болсон жагсаалд 5000-6000 хүн оролцсон мэдээлэл гарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

КЫРГЫЗСТАН: Дахин сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 600 орчим хүн бэртжээ  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй