Шууд Chart

ОХУ гал зогсоох гэрээг мөрдөхийг Армен, Азербайжанд уриаллаа

2020-10-13 09:55:17

ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров Москвагийн зуучлалаар байгуулсан Уулын Карабахад гал зогсоох гэрээг хүндэтгэхийг Азербайжан, Арменд уриаллаа. Бямба гарагийн үдээс хойш Москвад гал зогсоох гэрээ байгуулсны дараа тун удалгүй Уулын Карабахад хоёр тал харилцан гал нээж, Карабахын нийслэлд цуврал дэлбэрэлт болсон байна. Гал зогсоох гэрээг эхэлж зөрчсөн гэж байлдагч хоёр тал бие биенээ үүнд буруутгаж байгаа юм.

Тухайлбал, Азербайжаны батлан хамгаалах яам Армены талаас хийсэн агаарын цохилтод хариу гал нээсэн гэж өчигдөр мэдэгджээ. ОХУ-ын гадаад харилцааны сайд Армен, Азербайжаны гадаад харилцааны сайд нартай утсаар ярьж, хэлэлцэж тохирсон зүйлээ зөрчихгүй байхыг уриалжээ. Мөн тэрбээр Туркийн гадаад харилцааны сайдтай утсаар ярьсан нь Уулын Карабахад гал зогсоох хэлэлцээрийг мөрдүүлэхэд хамтран ажиллах арга зам эрэлхийлсэн алхам байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Учир нь Турк улс энэ зөрчилд Азербайжаныг дэмжиж байгаа юм. ОХУ-ын гал зогсоох хэлэлцээрийг мөрдүүлэх замаар нөхцөл байдлыг тогтворжуулахаар чармайж байна. Гэвч Турк, Азербайжан хоёр олзлогсдыг суллах гэх мэт хүмүүнлэгийн зорилгоор түр хугацаанд гал зогсоох сонирхолтой байгаагаа мэдэгджээ.

9 дүгээр сарын 27-нд Уулын Карабахад эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний уршгаар 300 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн гэр орноосоо дүрвэжээ. Уулын Карабах нь ЗХУ-ын үед Армен үндэстэн голдуу аж төрдөг, Азербайжаны өөртөө засах муж байсан. Гэвч 1991 онд ЗХУ задарч, Уулын Карабахд салан тусгаарлах дайн болж, 1994 онд гал зогсоох гэрээ байгуулсан. Гэсэн ч уг бүс нутагт Армены зэвсэгт бүлэглэл хяналтаа тогтоосноор энэ зөрчил өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ гал зогсоох гэрээг мөрдөхийг Армен, Азербайжанд уриаллаа   
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй