Шууд Chart

Хачгаар дамжих халдвараас сэргийлцгээе

2014-04-22 09:58:33

Хачгаар дамжин халдварладаг халдварт өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол хачгийн хөгжлийн үе шатаас хамааран гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн бүртгэгдэж эхэлдэг. Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс хоёр төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг байна.

Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй аж.
 
Ойн (Ixodes) хачиг нь Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, Dermacentor хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог. Одоогоор хачигт энцефалитын хүний өвчлөл 13 аймагт бүртгэгдсэний Сэлэнгэ аймагт, хачигт боррелиоз 10 аймагт бүртгэгдсэний Улаанбаатар, Архангай аймагт, хачигт риккетсиоз 17 аймагт бүртгэгдсэний Говь-Алтай, Архангай, Улаанбаатар хотод хамгийн өндөр байна.
 
2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд хачгаар дамжих халдварын сэжигтэй 45 тохиолдолд бүртгэгдэж лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор батлагдсан тохиолдол байхгүй. Мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдолын ихэнхи хувь нь буюу 32% нь Говь-Алтай, 11.6% нь Архангай, 11.6% нь Улаанбаатар, 9% нь Орхон аймагт бүртгэгджээ.
 
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс энэ талаарх зөвлөмжийг хүргэж байна.
 
- Хачигт энцефалитын голомтот бүс нутагт зорчихоос өмнө хачигт энцефалитын эсрэг вакцины бүрэн тунг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд очиж хийлгэх
- Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөж, 2-3 цаг тутамд биедээ болон хувцсандаа хачиг ассан эсэхийг шалгаж байх
- Хачигт хазуулсан тохиолдолд хямсаа болон утас ашиглан хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж сугалан авч, хачгийг битүү саванд хийж, ЗӨСҮТ-д өгч шинжлүүлэх
- Хачигт хазуулсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах
- Хачигт хазуулсаны дараа өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, үе мөч, ууц нуруу өвдөх, бөөлжих, гүйлгэх, тууралт гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хачгаар дамжих халдвараас сэргийлцгээе  
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй