Өнөөдөр АНУ-ын зүгт дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна. Энэ нь АНУ-ын сонгогчид Цагаан ордны тэргүүнээс гадна, Конгрессын 2 танхимын гишүүнийг, нийт 13 мужийн захирагч, орон нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүнээ сонгож буйтай холбоотой юм. АНУ-д санал хураалтын үйл явц тухайн товлогдсон өдрийн шөнө дунд эхэлж цагийн зөрүүнээс шалтгаалан нийтдээ 16 цагийн туршид үргэлжилдэг. Тиймээс манай цагаар өчигдөр 13 цагт АНУ, Канадын хилийн дагууд оршдог Диксвилл Нотч хэмээн жижигхэн тосгоныхон саналаа өгснөөр сонгууль эхэлдэг уламжлалтай юм. Харин хамгийн сүүлд Хавайн болон Алеутийн арлууд дахь Адьяк тосгоны оршин суугчид саналаа өгснөөр санал хураалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 14 цагт дуусна.
1960 онд тогтсон уламжлалын дагуу энэ тосгоны санал авах хэсэг шөнө дунд буюу 00 цагт үүд хаалгаа нээдэг. Эндхийн санал авах, тоолох үйл явц хэдхэн хормын дотор болж өнгөрдөг нь санал өгөх эрхтэй 5-10 хан сонгогчтой байдагтай нь холбоотой. Энэ удаад 5 сонгогч саналаа өгсөн нь бүгд Ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгчээ. Тус тосгоноос 20 иод км-ийн зайтай оршдог Миллсфилд хотхоныхон мөн л мягмар гараг болонгуут л шөнө дунд саналаа өгдөг. Энд 16 сонгогч Трамп Ерөнхийлөгчийг, 5 сонгогч Байденыг дэмжихээ илэрхийлсэн дүн гарсан байна. Гэхдээ Диксвилл Нотч, Миллсфилдийн санал хураалтын дүн сонгуулийн дүнг тодорхойлдоггүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Үүнийг Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн систем өвөрмөц гэдгээр тайлбарлаж болно.
Жишээлбэл, юуны түрүүнд Ерөнхийлөгчийн сонгууль 2 үе шаттайгаар зохион байгуулагддаг. Эхнийх нь праймериз буюу намын дотоод сунгаа юм. Энэ шатанд Америкийн үндсэн хуулинд заасан АНУ-д мэндэлсэн, 35-аас дээш насны, өнгөрсөн 14 жилийн туршид АНУ-д амьдарсан байх гэсэн 3 шаардлагыг хангасан иргэн төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Нэр дэвшигч аль намаас нэр дэвшихээ илэрхийлсний дараа намуудын дотоод сунгаа буюу праймериз эхэлнэ. Сонгуулийн санал хураалтаас хагас жилийн өмнө эхэлдэг энэ шат намууд үндэсний чуулганаараа Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарласнаар дараагийн шатанд шилжинэ.
Сонгуулийн 2 дахь шат нь санал хураалтын өдөр юм. Америкийн Төрийн тэргүүнийг ард түмэн шууд санал хураалтаараа сонгодоггүй нь хамгийн гол онцлог.
Санал хураалтын өдөр сонгогчид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн төлөө бус харин муж бүр дэх сонгогчдын төлөөллийн төлөө саналаа өгдөг. Харин Америкийн ерөнхийлөгч хэн болохыг сонгогчдын төлөөлөл гэгдэх 538 хүний санал хураалт л шийдвэрлэдэг гэсэн үг юм.
Муж бүр дэх сонгогчдын төлөөллийн тоо харилцан адилгүй. Тухайлбал Калифорни 55 буюу хамгийн олон сонгогчийн төлөөлөлтэй бол хамгийн бага нь гурван сонгогчийн төлөөлөлтэй байдаг. Хүн ам ихтэй мужид нэг сонгогчийн төлөөлөл 718 мянган хүнийг төлөөлж байхад хүн ам цөөнтэй Вайоминг мужид нэг төлөөлөгч 193 мянган хүнийг төлөөлж байх жишээтэй.
Харин 2 нам төрийн тэргүүнийг сонгох төлөөллөө урьдчилан сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл БНН, Ардчилсан нам тухайн мужийн сонгогчийн төлөөлөл болж санал өгөх хүмүүсээ сонгосон байна.

Сонгогчийн төлөөлөл тухайн мужид олонхийн санал авсан нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх амлалт, үүргийг хүлээсэн байдаг. Үүнээс гадна ялагч бүгдийг авна гэсэн зарчим ихэнх мужид мөрдөгддөг. Тиймээс тухайн мужид аль намын нэр дэвшигч илүү санал авсан байна тэр мужийн сонгогчдын төлөөллийн санал тухайн намын нэр дэвшигчид автоматаар шилжинэ гэсэн үг юм. Маш товчхондоо, 11 дүгээр сарын 03-ны өдрийн санал хураалт АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг ерөнхийлөн харуулж байгаа юм.
Харин 12 дугаар сард сонгогчдыг төлөөлөх 538 хүн санал хураалтад оролцож, тэднээс олонхийн буюу 270 гаруй саналыг авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болно гэсэн үг юм.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Жо Байден нарын тухайд сонгуулийн өмнө үндэсний хэмжээнд судалгаа хийсэн томоохон хэвлэлүүд, судалгааны байгууллагуудын дүнгээр Жо, Ардчилсан намаас нэр дэвшигч тэргүүлж байгааг эндээс тодорхой харж болохоор байна. Ихэнх судалгааны дүнгээр Жо Байден 10 гаруй хувиар тэргүүлж байна. Гэхдээ санал асуулгын ийм дүн сонгуулийн дүнтэй таарахгүй байх тохиолдол бий. Хамгийн сүүлийн жишээ нь бол 2016 оны сонгууль юм. Тиймээс Америкийн сонгуулийн системийн түрүүнд танилцуулсан онцлогоос шалтгаалж Трамп ерөнхийлөгч дахин Цагаан ордны тэргүүнээр сонгогдох магадлалтайд тооцогдож байгаа юм.

"Ковид 19"-ийн цар тахалд АНУ хамгийн ихээр нэрвэгдсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийнхны хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаан зарим хотуудад үймээн болж хувирсан ийм амаргүй цаг үед тус сонгууль болж байна. Тиймээс онцгой анхаарал хандуулах зүйлүүдээс гадна тодорхойгүй нөхцөл байдал ихтэй сонгууль болж байна хэмээн судлаач, ажиглагчид үзэж байна.
Тухайлбал, энэ удаагийн сонгуулийн өмнө ялалт байгуулах магадлал өндөртэй нэр дэвшигчийг тодруулахад өмнөх сонгуулиудынхаас ч хэцүү байгааг шинжээч мэргэжилтнүүд онцолж байна.
Хоёрдугаарт, сонгуулийн дүн гарах цаг хугацааг ч тодорхой хэлэхэд амаргүй, хэд хоног бүр хэдэн сараар ч сунжрах магадлал өндөртэй гэж үзэж байна. Энэ нь "Ковид 19"-ийн халдвар авахаас болгоомжилж урьдчилж саналаа өгч буй сонгогчдын тоо түүхэндээ хамгийн их байгаатай юун түрүүнд холбогдож байна. Мөн энэ удаад Ардчилсан намынхан урьдчилж саналаа өгөхийг онцгой ихээр сурталчилсны үр дүн ч гарч санал өгөхдөө хойрго бүлгийнхэн сонгуульдаа идэвхтэй оролцсоноор сонгогчдын ирц 2020 онд мөн түүхэн дээд амжилт тогтоох байх гэсэн хүлээлт байна.

Ер нь бол Америкийн сонгогчид сонголтоо урьдчилж хийх сонгуулийн албан ёсны өдөр хийх 2 боломжийг ашиглах эрхтэй. Харин урьдчилж саналаа өгөхдөө шуудангаар илгээх, эсвэл санал хураалтын өдрөөс өмнө үүд хаалгаа нээсэн хэсгийн хороод дээр биечлэн очиж өгөх боломжтой. Харин урьдчилж өгсөн сонгогчдын саналыг тоолох үйл явц эхлүүлэх хугацаа муж бүрт өөр өөр байдаг. Тухайлбал, хөвөгч гэж тодорхойлдог Мичиган, Пенсильвани, Висконсин мужуудад шуудангаар өгсөн сонгогчдын саналыг сонгуулийн өдрийн өглөөнөөс л тоолж эхэлсэн байна.
Энд санал дахин тоолох маргаан ч үүсч болзошгүй. Үүнийг дагаад шүүхээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрүүлэх, эсвэл хүчингүй болгох үйл явц өрнөж болзошгүй юм. Гэхдээ сонгогчдын 29 төлөөлөлтэй хөвөгч муж болох Флоридад шуудангаар өгсөн сонгогчдын саналыг сонгуулийн өдрөөс 40 хоногийн өмнө тоолж эхэлсэн. Тиймээс Флорида муж ялагчийг тодруулах гол муж болно гэсэн хүлээлт байна. Флоридад Байден ялагдвал ялалтаа яаран тунхаглах боломжгүй болно. Харин Каролайн, Аризона, Айова, Охайд ялалт байгуулж чадвал өрсөлдөгч Трампын өмнө орох боломжтой юм.

Ерөнхийлөгч Трампын хувьд Флоридад ялалт байгуулж чадвал Цагаан ордонд дахин эзэн суух боломж нь эрс өснө. Гэхдээ мөн л хөвөгч олон мужийн санал хураалтын дүн шуудангаар санал өгсөн сонгогчдын саналыг тоолсны дараа л тодорхой болох учир мөн л яаран ялалт байгуулснаа зарлах боломж тааруу гэж үнэлэгдэж байна. Дээр нь 2 нэр дэвшигчийн аль аль нь ялагдлаа тийм амар хүлээхгүйгээ 2дмол санаагүйгээр илэрхийлсэн нь ялагчийг өмнөх сонгуулиуд шигээр шууд зарлахад амаргүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Харин ялагч тодрохгүй хугацаа авах тусам тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж улмаар сөргөлдөөн гарч болзошгүй гэсэн болгоомжлол ч байна. Цөөнгүй мужийн эрх баригчид сонгуулийн дараах өдрүүдэд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авахаа зарласан. Мөн зарим хотуудад тэр дундаа Вашингтон, Нью-Йорк хотуудад хууль сахиулагчдаас гадна бизнесийнхэн жагсаал цуглаан үймээнээс хамгаалах арга хэмжээг хүртэл авч байгаа тухай мэдээлэл ирж байна.

| АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн санал хураалт болж байна | ||
| Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.