Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог...

2020-11-04 22:08:08

Урьдчилсан дүнгээр  ирэх  4  жилийн хугацаанд  АНУ-ын  Цагаан ордныг  тэргүүлэх  ялагч тодроогүй   байна.  Өмнөх  сонгуулийн жилүүдийнх шиг  өдийд тодорсон байлаа  ч  сонгуулийн  сонгуулийн эцсийн дүн гарах  болоогүй. Тодруулбал, ирэх 12 дугаар сарын 14-ний өдөр  Сонгогчдын  538 төлөөлөл   2 нэр дэвшигчийн  алиныг нь дэмжихээ  илэрхийлэх  ёстой.  Гэхдээ  мэдээж  энэ  үйл  явц   хэлбэр  төдий.  Өөрөөр хэлбэл   ялагчийн  нэр  өөрчлөгдөхгүй. Энэ  нь  л Америкийн  Ерөнхийлөгчийн  сонгуулийн   нэг онцлогийг  илэрхийлж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч сонгууль   4  жилд нэг удаа  11 дүгээр сарын  эхний   7 хоногийн  мягмар гарагт  болдог. Гэхдээ сонгогчид төрийн тэргүүнээ  шууд санал хураалтаар сонгогддоггүй.  Төлөөллийн зарчмаар  сонгодог  түүхэн уламжлалтай. АНУ-ын Ерөнхийлөгчийн  сонгуулийн онцгой энэ системээр бүх нийтийн санал хураалтын үр дүнд нийт  сонгогчид төлөөлөл  болох  538  хүнийг сонгоно гэсэн  үг.  Өөрөөр хэлбэл   энэ 538  төлөөллийн   олонх нь  Ардчилсан нам   байх уу Бүгд найрамдах намынх  байх уу гэдгийг   сонгож  байгаа  юм.  Гэхдээ сонгогчид   Саналын хуудсан дээр  бол дэмжиж  буй  нэр дэвшигчээ  дугуйлж саналаа өгнө.

Харин тухайн  мужид  хэн ялалт байгуулснаас  шалтгаалж, тус  мужийн  ялсан намын сонгогчдын бүх  төлөөлөл дараачийн шатны  буюу  ирэх  12 дугаар сард болох сонгуульд  мужаа төлөөлөн оролцоно гэсэн үг. Энэ л  хэн ялна  тэр  бүгдийг   авна  гэсэн зарчим. Жишээ  нь, Калифорни  бол АНУ-ын  50 муж нутаг дэвсгэрийн хамгийн  олон хүн  амтай муж. Энд хүн  амд  нь  харьцуулан тогтоосон  сонгогчийн  55  төлөөлөлтэй. Тус мужид энэ удаад  Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден авсан саналынхаа тоогоор өрсөлдөгчөөсөө илүү гарч   ялалт байгуулсан  учир Ардчилсан намын урьдчилан сонгосон сонгогчийн  55  төлөөлөл  ирэх 12 дугаар сард  болох санал хураалтад  оролцоно гэсэн үг.

Тиймээс нь  сонгогчийн 55 төлөөллийн санал шууд Байдены халаасанд  орж  байгаа юм.  Харин  энэ мужид Доналд Трамп  нийт  авсан  саналынхаа  тоогоор Байденаас илүү гарч  ялалт  байгуулчихсан бол Бүгд найрамдах намын сонгосон 55 төлөөлөл ирэх  12 дугаар сард   болох  санал хураалтад оролцож тус намын  нэр дэвшигчийн төлөө л саналаа өгөх байсан юм.

Энэ мэтчилэнгээр  муж  бүр хүн  амтай  нь  харьцуулсан тодорхой  сонгогчдын  төлөөлөлтэй. Хамгийн бага нь сонгогчийн 3 төлөөлөлтэй байдаг. Гэхдээ  сонгогчдоос авсан нийт саналын тоогоор бас ялагч  тодрохгүй байх тохиолдлууд  бас гарч байсан.  Америкийн түүхэнд  ийм  5 тохиолдол гарч байсны  хамгийн сүүлийн жишээ  нь 2016  оны  сонгуулийн дүн. 58 дахь удаагийн энэ сонгуулийн  дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Цагаан ордны  одоогийн тэргүүн Доналд Трампаас  нийт 3 сая сонгогчийн  санал илүү авсан байсан ч  сонгогчдын  төлөөллийн  тоо муж  бүрт харилцан адилгүй байдгаас болж Трамп ялагчаар тодорсон. 

Тиймээс ч сонгогчийн төлөөллийн тоо ихтэй  мужуудад мөн аль ч намын төлөө саналаа өгч мэдэх, тодорхойгүй тэр хөвөгч мужуудад гол өрсөлдөөн өрнөдөг юм. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн өмнө  гол сурталчилгаа, нэр дэвшигчдийн сонгогч дэмжигчидтэйгээ  хийх уулзалтууд   чухамхүү энэ хөвөгч  гэж  нэрлэгддэг  мужууд дээр  төвлөрдөг  нь бараг уламжлал  болчихсон.  Бусад   улаан цэнхрээр  хэдийнэ эрт  будагдсан мужуудын тухайд Ерөнхийлөгчийн төдийгүй Конгресс,  амбан  захирагчдын болон  завсрын сонгуулиудад   нэг л  намыг  дэмждэг.  Олонхийнх нь энэ  үзэл  баримтлал  бараг өөрчлөгддөггүй мужууд юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог...  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй