Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа дуусаагүй байна

2020-11-08 10:00:07

АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Делавер мужийн Уилмингтон хотноо орон нутгийн цагаар баасан гарагийн үдэш ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, засаг захиргааны нэн тэргүүний бодлого нь ковид-19 цар тахлын тархалтыг зогсооход чиглэн гэдгийг онцоллоо.

АНУ-ын ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Жозеф Байден: “Бид ялалтаа тунхаглах хараахан болоогүй байна. Гэхдээ сонгуулийн урьдчилсан дүн бид ялж байгааг тодорхой харуулж байна.  Бид түүхэнд байгаагүй олон сая санал авч байна. 74 сая Америкчууд бидэнд саналаа өгсөн, энэ тоо улам өснө. Биднийг сонгож байгаа энэ олон сая хүн бидэнд олон сорилт бэрхшээлийг даван гарах эрх олгож байна. Тухайлбал, ковид-19 эдийн засаг, цаг уурын өөрчлөлт, арьс өнгөний үзэл гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд биднийг хамтдаа, нэгдмэл байхыг тэд хүсэж байна шүү дээ. гэв”

Сонгогчдын төлөөллийн хамгийн олон саналтай мужуудын нэг буюу сонгогчдын төлөөллийн 20 саналтай Пеннсилванид Жо Байден 49.6%, Трамп 49.2%тай, саналын зөрүү 29 мянга гаруй, сонгогчдын төлөөллийн 16 саналтай Жоржиад Байден 49,4%, Трамп 49,3%, 4 мянга орчим саналын зөрүүтэй, сонгогчдын төлөөллийн 6 саналтай Невадад Байден 49,8%, Трамп 48%, 23мянган саналын зөрүүтэй  Байден тэргүүлж байгаа бол сонгогчдын төлөөллийн 15 саналтай Хойд Каролинад Трамп 50,1%, Байден 48,7%, 76 мянган саналын зөрүүтэй, сонгогчдын төлөөллийн 3 саналтай Аляскад Трамп 62,1%, Байден 33,5%-тай, 55 мянган саналын зөрүүгээр Трамп тэргүүлж байна.  

Конгрессын хоёр танхимын сонгуулийн саналын дүн бүрэн гарч дуусаагүй байна. Конгрессын дээд танхим Сенатын 35 суудлыг шинээр сонгож байгаа. Сенатад олонх болоход тухайн улс төрийн нам 51 суудал авах ёстой. Одоогоор Ардчилсан болон бүгд найрамдах нам адил 48 суудал авсан байна. 435 суудалтай Төлөөлөгчдийн танхимд олонх болоход хамгийн багадаа 218 суудал авах ёстойгоос Ардчилсан нам 212, Бүгд найрамдах нам 194 суудал авсан урьдчилсан дүнтэй байна. АНУ-ын дээд шүүх сонгуулийн өдөр санал хураалт зогссоноос хойш ирсэн саналыг тоолохоо зогсоох тухай бүгд найрамдах намын сенаторуудын хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Харин санал хураалт хаагдсанаас хойш ирсэн саналын хуудсуудыг тусад нь тоолохыг зөвшөөрсөн байна.  Америкийн энэ удаагийн сонгуулийн ирц тус улсын сүүлийн 120 жилийн түүхэнд байгаагүй өндөр буюу 66,9%тай гарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа дуусаагүй байна  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй