Жо Байден ялалтаа зарласнаас хойш Британи, Франц зэрэг дэлхийн зургаан орны төр засгийн тэргүүн нартай утсаар ярьжээ. Хэдийгээр АНУ-ын бүгд найрамдах намаас нэр дэвшсэн одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч дэлхийн олон орны төр засгийн тэргүүн нар Байденд баяр хүргэсэн цахилгаан утас илгээсээр байна. Харин Хятад, Орос, Умард Солонгос Бразил зэрэг орнууд одоогийн байдлаар АНУ-ын үр дүнтэй холбоотой албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
Байден өмнөх засаг захиргаанаас гадаад бодлогын хэд хэдэн сорилт тэр дундаа Хятадтай хийж байгаа худалдааны дайн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зэрэг шийдэгдээгүй асуудлуудыг хүлээж авна. Байден тангарагаа өргөөд Хятадтай хийж байгаа худалдааны дайнд ямар бодлого барих нь тодорхойгүй байгаа. Харин Оросын хувьд Байденаас илүү хатуу бодлого харах болов уу гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Умардын хувьд Байден Трампын явуулж байсан бодлогод шүүмжлэлтэй хандаж байсан. Одоогоор АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден олон улсын эрх баригчдад АНУ буцаж ирлээ гэсэн мессеж өгч байна. АНУ-ын ардчилсан намын мэдээлснээр Байден гадаад харилцаагаа эргэн сэргээх, ковид-19 цар тахлын дэгдэлтийг зогсооход гол анхаарлаа хандуулж байгаа юм байна. Тэрээр Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Германы Канцлер Меркель, Францын ерөнхийлөгч Макрон нарын баяр хүргэсэн цахилгаан утсыг хүлээж аваад, тэдэнтэй утсаар ярьжээ. Харин АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Трампын сонгуулийн штаб, болон бүгд найрамдах намын зарим төлөөлөгч 11-р сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон үндэслэлээр шүүхэд хэд хэдэн гомдол гаргасан байна. Пенсилвани, Мичиган, Жоржиа, Аризона, Невада зэрэг мужид шуудангаар ирсэн саналын хуудсыг тоолох ажлыг түр зогсоох, санал тоолох явцад саад учруулсан зэрэг хэд хэдэн зөрчлөөр шүүхэд ханджээ. Гэхдээ тэдгээр мужуудад саналын зөрүү их биш байгаа юм байна. Энэ үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сонгууль дуусаагүй байна.
Бид зөвхөн сонгуулийн саналыг үнэн зөв шударга тоолох үйл явцыг эхлүүлээд байна гэж мэдэгджээ. Хэвлэл мэдээллийнхэн нь Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг сонгууль луйвардсан, будлиантай болсныг нотлох баримтаа үзүүлэхийг шаардсан байна. Гэхдээ одоогоор Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн сонгуулийн штабаас тодорхой хариулт өгөөгүй байна. Хуулийн хүрээнд 12-р сарын 8-наас өмнө муж улсууд сонгуультай холбоотой маргаан, гомдлыг шалгаж эцэслэх ёстой юм байна.
| БНХАУ, ОХУ, БНАСАУ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлээгүй байна | ||
| Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.