Шууд Chart

ОХУ 400 гаруй энхийг сахиулагчаа Уулын Карабах руу илгээлээ

2020-11-12 14:15:39

ОХУ-ын 400 энхийг сахиулагч Бүгд найрамдах Армени улсад газардсан байна. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр Ил-76 ачаа тээврийн онгоцоор эхний ээлжийн 400 энхийг сахиулагч, хуягт тээвэрлэгч, харилцааны холбооны техник хэрэгслийг Арменид хүргэсэн байна.

ОХУ нийт 1960 энхийг сахиулагч, 90 хуягт тээвэрлэгч, 380 нэгж машин, тусгай техникийг Уулын Карабахын байлдааны бүсэд энхийг сахиулах ажиллагаанд дайчлах юм байна. Энэ сарын 9-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, Армений ерөнхий сайд Никол Пашинян нар 11-р сарын 10-ны өдрөөс эхлэн Уулын Карабахад байлдааны гал бүрэн зогсоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан.

Зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн зэвсэгт тэмцлийг зогсоох зорилготой уг энхийн гэрээний дагуу Азербайжан, Армений эрх баригчид маргаантай Уулын Карабахын бүс нутагт байлдааны гал зогсоохоор үүрэг хүлээж, ОХУ-ын энхийг сахиулагчдыг оруулахаар зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ Баку, Эреван хоёр байлдааны ажиллагааны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцос болон олзлогсдоо харилцан солилцохоор болсон. Мөн Арменийн хяналтад байсан Уулын Карабахын эргэн тойрны зарим газар нутгийг  Азербайжанд эргүүлж өгөхөөр энхийн гэрээнд тусгажээ.

Харин Уулын Карабахын эзэмшлийн статус гэх мэт суурь асуудлуудыг энхийн гэрээнд зааж өгөөгүй, түүнчлэн Арменийн ард иргэд төр засгаа буулт хийлээ гэж буруутган, тэмцэж байгаа зэргээс шалтгаалан Уулын Карабахад энх тайван тогтоох үйл явц бүрхэг цаашлаад сунжирч магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ 400 гаруй энхийг сахиулагчаа Уулын Карабах руу илгээлээ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй