“ЛэндМН актив ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Т.Итгэлсүрэн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Анд глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ, “Райнос инвестмэнт ҮЦК” ХХК-ийн дэд захирал Н.Цэвэгмид болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөхийн зэрэгцээ зах зээлд итгэх иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэлцэл, оролцох оролцоо эрс нэмэгдсэн. Үүний нэг бодит жишээ нь аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгийн зах зээлийн уламжлалт бүтээгдэхүүнүүдээс гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргах замаар олон нийтээс санхүүжилт татах ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжсэн. Одоогоор 5 удаагийн нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд амжилттай гараад байна. Энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болж, аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэж буй илрэл юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос зах зээлд үүсээд буй уг эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулсан журмыг зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогчдод илүү таатай, зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор зах зээлийн мэргэжлийн оролцогчдын саналыг аваад энэ оны 6 дугаар сард шинэчлэн баталж, өнгөрсөн сараас эхлэн мөрдөн ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн үүсгэн байгуулсан “ЛэндМН актив ТЗК” ХХК-аас 24 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нийт 4.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас гаргаж байгаа бөгөөд андеррайтер төвтэй арилжаалахаар нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдгээрээ онцлог юм.
Эх сурвалж: СЗХ
Нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.