Шууд Chart

Амазоны ширэнгэн ойгоос эртний томоохон хотын туурийг олжээ

2024-01-13 10:58:17

Франц улсын Шинжлэх ухааны академийн судлаачид Амазоны ширэнгэн ойгоос хэдэн мянган жил нуугдмал байсан томоохон хотын туурь балгадыг олсноо зарласан байна.

Тодруулбал, Экуадор улсын зүүн нутгийн Упано гэх газраас бутлаг ургамал, хөрс шороонд дарагдсан 2500 орчим жилийн настай орд харшийн үлдэгдэл олдсон гэж тайлбарлаж байна.

2500 жилийн тэртээ баригдсан гэж тооцоолж байгаа энэ хот сайжруулж зассан зам, суваг шуудуутай байсныг мөн судлаачид онцолж байна.

Уг хотын туурь балгадыг галт уулын лааваас үлдсэн үржил шимтэй хөрс дарж байсан гэж судлаачид таамаглал дэвшүүлсэн байна.

Магадгүй энэ хот галт уулын дэлбэрэлтэд өртөж соёл иргэншил нь мөхсөн ч байж болно гэж үзэж буй юм байна.

Урьд өмнө нь археологич, судлаач, түүхчдийн үзэж байснаар Өмнөд Америк тивд уулархаг бүс нутгуудаар л ийм том соёл иргэншлийн хэмжээн дэх хотууд оршин тогтнож байсан гэж үздэг байсан юм.

Тэдний нэгээр бидний сайн мэддэг одоогийн Перу улсын нутаг дэвсгэр дээр оршдог Мачу Пикчуг нэрлэж болно. Харин Амазоны ширэнгэн ойд зөвхөн ан гөрөө, түүврийн аж ахуй эрхэлдэг нүүдлийн хэв маягтай хүмүүс отог овгоороо урц овоохойд амьдардаг байсан гэж үздэг байсан юм.

Тэгвэл Амазоны ширэнгэн ойгоос олдсон гэх энэ том хотын туурь балгад түүхийн сударт шинэ хуудас нэмж байна гэж судлаачид харж, дүгнэж байна.

Орчин үеийн соёл иргэншлийн ойлголт ихэвчлэн Евроцентрик буюу европ төвтэй байж, судлагдаж ирсэн. Тэгвэл Өмнөд Америкийн энэ хотын туурь балгадыг олсноор хүн төрөлхтний соёл иргэншлийн үүсэл гарвал, хөгжил, түүхийн зураглал ч өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж судалгааны багийг ахалж байгаа Францын судлаач Стивен Ростайн тайлбарлаж байна.

Одоо таамаглаж байгаагаар 2500 жилийн өмнө оршин тогтнож байсан энэ хотод дор хаяж 1000 жилийн турш хүмүүс амьдран сууж байсан гэж археологичид үзэж байна.

Хэдийгээр яг тэдэн хүн амьдарч байсан гэж шууд нарийн тоо хэлэхэд хэцүү ч, 100 мянга биш юм аа гэхэд 10 мянган хүн наанадаж оршин сууж байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Өтгөн бут, ширэнгэ, хөрсөн доор оршиж байгаа 300 км квадрат орчим талбайд орших энэ хотыг археологичид газар дээрх малтлага болон нисэх онгоцоор авсан лазер дүрслэлээр тооцоолон гаргаж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амазоны ширэнгэн ойгоос эртний томоохон хотын туурийг олжээ  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй