Шууд Chart

Тайванийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн улсууд Бээжингийн шүүмжлэлд өртөв

2024-01-15 14:55:16

Өнгөрсөн Бямба гарагт Тайваньд ерөнхийлөгчийн сонгууль болж, эрх баригч Ардчилсан Дэвшилтэт намаас нэр дэвшсэн Лай Чин Тэ ялалт байгуулсан. Лай Чин Тэ нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэг улс төрч гэдгээрээ танигдсан хүн юм. Түүнийг Тайваны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсонд дэлхийн хэд хэдэн улс баяр хүргээд амжсан. Ингэж баяр хүргэсэн нь эх газрын Хятадын засгийн газар, Бээжингийн шүүмжлэлд өртөж эхэлснийг олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна.

Лай Чин Тэ Тайванийн ерөнхийлөгч болсноор эрх баригч Ардчилсан Дэвшилтэт нам үндсэндээ гурав дахь удаагаа Тайванийн арлыг засаглах хугацаа эхэлж байна гэсэн үг. Бүрэн эрхийн хугацаа нь энэ жилээр дуусгавар болж байгаа ерөнхийлөгч Цай Ин Вэн нь өмнө нь дахин сонгогдож, нийт 8 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашсан байна. Шинэ ерөнхийлөгч Лай Чин Тэ нийт санал асуулгын 40 гаруй хувийг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэрээр өмнөх ерөнхийлөгчийн баримталж байсан гадаад бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ амласан. Цай Ин Вэн бол “Нэг Хятад” буюу Хятадын Тайванийг өөртөө нэгтгэх төлөвлөгөөг эсэргүүцэх бодлого баримталж байсан юм. Бямба гарагийн сонгуулийн үр дүн гарсны дараа Тайванийн чухалчилж харилцдаг АНУ-ын төрийн департаментаас Тайваньд хандаж, ардчилсан тогтолцооныхоо үнэ цэнийг харуулсан сонгууль явуулсанд нь баяр хүргэсэн байна. Үүнээс тун удалгүй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийнхэнд хандаж, энэ долоо хоногт албан бус төлөөлөгчөө Тайвань руу илгээнэ гэдгээ мэдэгдэж, мөн АНУ үүгээрээ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа гэсэн үг биш гэдгийг тодотголоо. Хэдий АНУ-ын ерөнхийлөгч ийм залруулга мэдэгдэл гаргасан ч БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас АНУ-ын төрийн департаментын мэдэгдлийг хурцаар шүүмжилж, “АНУ Тайваньтай зөвхөн соёл, эдийн засгийн түвшинд харилцана гэсэн амлалтаа ноцтойгоор зөрчиж байгаа нэг хэлбэр” гэж тодорхойлсон байна. АНУ-аас гадна Их Британи, Европын Холбоо, Канад, Япон зэрэг улсууд Тайванийн эрх баригч намд баяр хүргэсэн. Их Британийн гадаад хэргийн сайд Дэйвид Камерон гэхэд Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ардчиллын тод илэрхийлэл” гэж дүгнэсэн байна. Харин БНХАУ-аас Их Британид суугаа элчин сайдын яамнаас Британийн талын гаргасан мэдэгдлийг ташаарал гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Их Британийн засгийн газар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үг хэллэг, байр суурь илэрхийлэхгүй байхыг хүссэн байна. Японы гадаад хэргийн сайд Ёко Камикава Тайванийг нэн чухал түнш, анд нөхөр” гэсэн тодотголтойгоор баяр хүргэсэн нь мөн л Токио дахь Бээжингийн элчин сайдын яамнаас эсэргүүцсэн мэдэгдэл гаргахад хүргэсэн байна. Ёко Камикава нь урьд нь Тайванийг мөн л ойр дотно нөхөр, эдийн засаг, ажилчны солилцооны хувьд ойр харилцааг эрхэмлэдэг гэсэн байр суурийг илэрхийлж байсныг нь баталгаажуулсан мэдэгдэл байлаа гэж Бээжингийн зүгээс үзэж байна. БНХАУ-ын засгийн газар Тайванийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрдөггүй, өөрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээ ч тусгаар тогтнолыг дэмждэг эрх баригч намаас нэр дэвшсэн Лай Чин Тэ ялалт байгуулахаас эсрэг байр суурьтай байж ирсэн юм. Мөн БНХАУ-ын Тайванийн хэрэг эрхэлсэн албанаас энэ удаагийн сонгуулийн үр дүн Тайванийн олонх энгийн ард иргэдийн санал, байр суурийг илтгэж чадахгүй гэдэг мэдэгдэл гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайванийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн улсууд Бээжингийн шүүмжлэлд өртөв   
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй