Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-нд орон нутгийн цагаар 15 цагийн орчимд Умард Солонгос Пхеньяны ойролцоогоос Зүүн тэнгисийн чигт ойрын тусгалт пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын тал мэдээлсэн. Тэдний зүгээс Умардыг пуужин харваснаараа Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд санаатайгаар халдсан ил тод өдөөн хатгалга явууллаа гэж буруутгасан байна. Харин өнөө өглөө Умардын талаас хатуу түлшээр ажилладаг дуунаас хурдан дундын тусгалт пуужин туршсан, хөрш зэргэлдээ бүс нутгийн орнуудын аюулгүй байдалд заналхийлсэн зүйл байхгүй гэсэн тодруулга хийлээ. Энэ удаагийн пуужин нь 2024 он гарсаар Умард Солонгосын харваж байгаа анхны пуужин болж байна.
Умардын Ням гарагт харвасан пуужин нь тэдний шинээр хөгжүүлж байгаа олон дараалалт, өндөр даралтын хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүртэй дунд тусгалт дуунаас хурдан пуужингаа хэр удирдахад хялбар байгааг, нислэгийн хэмжээ, баримжааг турших ажиллагаа байсан гэж Умардын төв телевизээс мэдээлж байна. Туршилт амжилттай болсныг мөн зарласан. Хатуу түлшээр ажилладаг пуужин нь шингэн түлшээр ажилладаг пуужинг бодвол хөөргөхөд илүү хурдан байдаг байна. Тиймээс энэ төрлийн пуужинг амжилттай туршсан нь Умардын хувьд анхны бөгөөд томоохон амжилт болсон гэж тодотгож байна. Ням гарагийн туршилт улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах хүчирхэг зэвсэг бүтээх байнгын үйл ажиллагааны нэг хэсэг, БНАСАУ-ын батлан хамгаалах шинжлэх ухааны институт болон Пуужингийн төрийн ерөнхий зөвлөлийн хорооны хамтарсан ажиллагаа байсан гэж тус хорооноос мэдээлсэн байна. Энэ туршилт Умард Солонгосын гадаад хэргийн сайд Чүэ Сон Хви ОХУ-д айлчлахаар хөдөлсөн өдөртэй давхацлаа гэж төв телевизээс нь мэдээллээ. Пуужингийн туршилт, ОХУ дахь айлчлал давхцаж байгаа нь хоёр Солонгосын хооронд үүсээд байгаа хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна гэж олон улсын хэвлэлүүд бичиж тэмдэглэж байна. Ердөө нэг сарын өмнө Умард Солонгос тив алгасагч Хвасон-18 баллистик пуужин харваад байсан. Өмнө онд Пхеньян үүгээр зогсохгүй хэд хэдэн пуужин харваж, цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн, ОХУ-тай харилцаагаа зузаатгасан зэрэг Өмнөдийг болон холбоотон улсуудынх нь санааг түгшээх хэд хэдэн үйл явдал болсон жил өнгөрсөн юм. Умард Солонгосын төв телевизийн өөр нэг сэдэвт дурдсанаар Өмнөд Солонгос цэргийн холбоо байгуулж, бүс нутагт цэргийн сургуулилалт хийж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа гол зүйл гэж буруутгасан байна. Мөн хоёр орны хооронд багахан л оч асахад өндөр зэвсэгжсэн хоёр улс их хэмжээний биет хохирол учруулах мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй гэж тус мэдээлэлд дурджээ. Умард Солонгос саяхнаас Өмнөдийг дайсан улс гэж үзэх болж, хоёр улс энх тайвнаар эргэн нэгдэх боломжгүй гэдэг байр суурийг удирдагч Ким Жон Ун илэрхийлсэн юм.
БНАСАУ Зүүн тэнгисийн чигт дунд тусгалын пуужин харвав | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.