Шууд Chart

Фермерүүдийн трактортай бослого Берлин хотыг бүх талаас нь бүчжээ

2024-01-15 15:30:17

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Герман улсын фермерүүдийн трактортой бослого өнөө өглөөний байдлаар Берлин хотыг бүх талаас нь бүсэлж, Берлиний Бранденбургийн хаалга орчмын гудамж талбайг дүүргээд байна. Ойролцоогоор 3000 трактор, 2000 орчим том оврын ачааны машин, 10 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй жагсаал өрнөж байна. Германы фермерүүд канцлер Олаф Шольцийн эвслийн засгийн газрын өргөн барьсан шинэ төсвийн төслийг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм.

Олаф Шольцийн эвслийн засгийн газар өнгөрсөн сард шинээр батлагдах улсын төсөвт нэг өөрчлөлт нэмэхээр хэлэлцүүлсэн нь фермерүүд, хөдөө аж ахуй эрхлэгчдийн эзэмшиж ашигладаг дизель хөдөлгүүрт авто тээврийн хэрэгслүүд татвараас хөнгөлөгддөг байсан тогтолцоог болиулж, фермерүүдээс татаас авдаг болсноор ирэх оны төсөвд дутаад байгаа хөрөнгийг нөхөх боломжтой гэх санал байсан юм. Гэвч Германы фермерүүд үүнийг хатуу эсэргүүцэж, өнгөрсөн сараас эхэлж хэсэг газар жагсаал хийх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Үүний үр дүнд Германы засгийн газар энэ шинэ шийдвэрээ эгүүлэн татаж, фермерүүдээс татвар авдаггүй хөнгөлдөг тогтолцоог хэвээр үлдээнэ, зөвхөн ойрын гурван жилдээ л санхүү төсвийн шаардлагаар татаас авна гэдэг шийдвэрт хүрсэн. Гэвч фермерүүд энэ залруулга шийдвэрийг хангалтгүй байна гэж үзэж, өнгөрсөн долоо хоногоос эхэлж дахин улсыг хамарсан жагсаал өрнүүлж эхэлсэн. Жагсаалд оролцож байгаа фермерүүд “бид байхгүй бол улс байхгүй” гэдэг санааг дахин дахин илэрхийлсээр байна. Фермерүүдийг татвараар хааж боогдуулсаар байвал Герман улс гаднаас хоол хүнснийхээ ихэнх хэсгийг импортолдог болно гэж анхааруулж байна. Германы засгийн газрын зүгээс энэ хэргийг ашиглаж, улс төрийн хэт туйлширсан үзэл газар авах вий, фермерүүдийн жагсаал хүчирхийллийн шинж чанартай болох вий гэж сэрэмжлэх үүднээс аль болох жагсагчидтай эвлэрэх арга хэмжээ авах сонирхолтойгоо илэрхийлж байна гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна. Германы сангийн сайд Кристиан Линднер Германы эвслийн засгийн газар жагсагчдыг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийг хүлээн авч уулзаж, энэ хэргээр хэлэлцэнэ гэж мэдээлсэн байна. Энэ удаагийн трактортой бослого болон өнгөрсөн долоо хоногт гурав өдрийн турш үргэлжилсэн галт тэрэгний ажилчдын ажил хаялт Германы эвслийн засгийн газрын байр суурийг нэлээд донсолгож, сөрөг хүчний хэт барууны намын рейтинг өсөхөд нөлөөллөө гэж Ройтерс агентлаг бичсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фермерүүдийн трактортай бослого Берлин хотыг бүх талаас нь бүчжээ   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй